Энэ сарын 4-ний 13.30 цагаас АН-ын тамга, тэмдгийн маргааныг давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. Гэвч нэхэмжлэх тал болох Ц.Тувааны талаас нийт шүүгчийн бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурал хойшилсон юм. Тэгвэл шүүх хурал маргааш буюу энэ сарын 07-ны баасан гарагт дахин товлогджээ. Өнөөдөр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Надад буй Ардчилсан намын тамга, тэмдэг хүчинтэй. Би Сонгуулийн Ерөнхий хороог буруу шийдвэр гаргасан хэмээн үзэхгүй байна. Тэд хуулийн дагуу шийдвэр гаргаж, хүчин төгөлдөр намд нь боломж олгосон. Намайг МАН-тай нийлж, тэдний гар, хөл болсон гэх мэдээлэл олон нийтийн дунд түгээд буй. Өнгөрсөн хугацаанд МАН болон Ерөнхийлөгчийн хамтарсан дайралтад хамгийн их өртсөн хүн бол би. Намайг доромжилж, харлуулах олон ажил хийсэн. МАН-ын хууль зөрчигчидтэй хийж байсан тэмцлээ үргэлжлүүлнэ" хэмээн мэдээллээ.