Ирэх зургаан жилийн турш ямар хүнийг Ерөнхийлөгчөөр ажиллуулахыг хүсэж байна вэ. Үүнийг шийдэх түүхэн сонголттой бид удахгүй нүүр тулна. Үндсэн хуульд заасан, нэр дэвшигчид тавих шаардлагад нийцүүлэн, мөн гишүүд, дэмжигчдийнхээ саналын үндсэн дээр УИХ-д суудалтай, МАН, АН, “Зөв хүн электорат” эвсэл нэр дэвшигчээ тодрууллаа. Тэднийг бүртгэх, эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо нөгөөдрийн дотор шийднэ. Харин иргэд ямар шалгуур тавьж, Төрийн тэргүүнээ сонгох бол. Ер нь Ерөнхийлөгч хуульд заасны дагуу ямар чиг үүрэг, бүрэн эрхтэй вэ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож, эрх мэдлийг нь хумин, улируулан сонгохгүй байхаар зохицуулсан. Тодруулбал, төрийн байгуулал болон улсын удирдлагын, үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад харилцааны, бусад гэсэн дөрвөн чиглэлээр Төрийн тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Хууль санаачлах, УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавих, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, ард түмэндээ хандан илгээлт гаргах нь төрийн байгуулал, улсын удирдлагын чиглэлээрх бүрэн эрх юм. Мөн чуулганд тааллаараа оролцон, улсын гадаад, дотоод байдлын нэн чухал асуудлаар санал оруулах, Улсын дээд шүүх, бусад шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор, улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн, Ерөнхийлөгч томилох зэрэг нь үүнд багтдаг. Харин гадаад харилцаанд улсаа төлөөлөх, Элчин сайдыг УИХ-тай зөвшилцөн томилох, чөлөөлөх нь Ерөнхийлөгчийн гадаад харилцааны чиглэлээрх бүрэн эрх. Төрийн тэргүүн нь ҮАБЗ-ийг тэргүүлэгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд бүх нийтийн, эсвэл хэсэгчилсэн цэргийн дайчилгаа, хууль журмын дагуу онц болон дайны байдал зарлах, үүнийг нь УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдэхээр хуульчилсан. Үүнээс гадна цол хүртээх, одон медалиар шагнах, уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх нь түүний бусад бүрэн эрхэд хамаардаг билээ. Гагцхүү үүнээс өөр бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн дээр дурдсан зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тусгасан. Тиймээс ч өнгөрсөн оны сүүлчээр Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр АТГ-ын удирдлагыг томилох эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгохоор санаархсан ч ажлын хэсгийн гишүүд “Эцэг хууль”-ийн 33.4 дэх заалтыг сануулан, болиулсан удаатай.
Үүнээс гадна Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Өөрөөр хэлбэл, аль нэг нам, хэсэг бүлэг этгээдийн, эсвэл хувийн ашиг сонирхлоо урьтал болгож, иргэдээ талцуулах бус, ард түмнээ нэгэн зүгт жолоодон, зөв үлгэр дуурайл үзүүлж ажиллах үүрэгтэй. Манай өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар зарим тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудалд оролцож, “хаан” мэт аашилж байсныг хуульч, судлаачид шүүмжилдэг. Тухайлбал, гүйцэтгэх засаглалын зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн, нам, хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийн төлөө ажилласан, улс төрийн хүчнийг тараах захирамж гаргасан зэргийг үүнд дурдаж болно. Тиймдээ ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаглалын “хил”-ээсээ халиад байх боломжийг нь хязгаарлаж өгсөн билээ. Ирэх зургаан жилд Монгол хэмээх гуравхан сая гаруй хүн амтай улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнлэг, өндөр ёс зүйтэй, эрдэм мэдлэгтэй, аль нэг нам, этгээдийн эрх ашгийг бус, ард түмний сайн сайхны төлөө ажилладаг хүнийг сонгогчид хүсэж байна. Төрийн тэргүүнийг бүх ард түмний саналаар сонгодог. Тиймээс иргэн бүр сонголтоо хийхдээ ухаалаг, хариуцлагатай хандах учиртай. Бүр цаашлаад үүнд сонгогчдын боловсрол их хамаатай. Нэгэн ухаантай хүний хэлсэнчлэн “Улстөрчдийг өөрчлөх гэж оролдохоос илүүтэй тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх нь дээр” юм. Статистикийн мэдээлэлд тулгуурлан тооцоход, сонгуульд оролцох эрхтэй 2 157 011 иргэн бий. Үүний 1.4 сая буюу 66 орчим хувь нь 18-45 насны залуус. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тэд тодорхойлох нь. Тиймээс тэдний төлөөлөл ямар Ерөнхийлөгчийг хүсэж байгаа талаарх байр суурийг нь сонирхлоо.
М.ЭНХБАДРАЛ (Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, социологич):
АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭМЖДЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ
-Товчхондоо бол “юм хийдэггүй” Ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй. Энэ нь намын дотоод асуудалд оролцдоггүй, Засгийн газар, УИХ-ын ажилд хутгалддаггүй, эдийн засгийн амьдралд нөлөөлдөггүй, бүтээн байгуулалт хийдэггүй, талцуулдаггүй, “томоотой”, төлөв төвшин хүн байх ёстой гэсэн үг. Өмнөх Ерөнхийлөгч нарын хийсэн “ажил” нь үндсэн үүргийнхээ эсрэг шахам алхам болсон учир үүнийг онцоллоо. Үзэл санаа, төлөвшлийн хувьд үлгэр дуурайл болох хүнийг би Ерөнхийлөгчид дэмжинэ. Та өөрийнхөө хүүхдийг ирээдүйд ийм ёс зүйтэй хүн болж төлөвшихөд татгалзах зүйлгүй гэж үнэлэхүйц, тийм нэр дэвшигчийг л сонгох хэрэгтэй. Учир нь Ерөнхийлөгч бол үзэл санааны манлайлагч, монгол хүний төлөвшил, чадварын үлгэр жишээ, тэнцвэржүүлэгч, төвийг сахигч байх нь зүйтэй.
Түүнчлэн ардчилсан засаглал, хүний эрх, эрх чөлөө, иргэний оролцоо, хяналт, ил тод байдлыг дэмждэг, хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй, боловсрол, ур чадварыг үнэлж, мерит зарчмыг баримталдаг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадах зэрэг шалгуурыг баримтлан, сонголтоо хийнэ. Мэдээж хэрэг дэлхий дахины хөгжлийг ойлгодог, олон улсад Монголоо чадварлагаар төлөөлдөг байх нь чухал.
Хувь хүнийх нь хувьд тухайн нэр дэвшигчийн боловсрол, чадамж, өнөөдрийг хүртэлх замнал, үзэл баримтлалыг нь чухалчилна. Шударга байдал, зарчмыг өөрийнх нь үг, сонгуулийн сурталчилгаанаас бус, замналаас нь харвал илүү бодитой. Боловсрол хэрэггүй гэх хандлага нь маш аюултай. Ёс суртахуун, зан харилцаа, замналын хувьд ч үлгэр жишээ болох Ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй байна. Хувь хүний болоод, институцийн ашиг сонирхол их байх тусмаа эрх мэдлээ урвуулж ашиглах магадлал өндөр. Тиймээс олон хүнд “өртэй”, “ачийг” нь хариулах шаардлагатай, “барьцаалагдсан” хүнийг дэмжихгүй.
Улсын хөгжил, амьдралын түвшинтэй нь холбоотойгоор иргэдэд бухимдал, хүлээлт их байгаа. Шударга ёс тогтооно, муу муухайг цээрлүүлнэ гэсэн иргэдийн хүлээлтийг улстөрчид өөрт ашигтайгаар эргүүлж, эрх мэдэлд хүрэх шат болгодог. Монголчууд дарангуйлал, хүчирхийллийг огт хүсэхгүй байгаа. Боловсролыг чухалчлах уу, хүчирхийллийг эсэргүүцэх үү, эрх мэдлийн төвлөрлийг дэмжих үү, хүний эрх, эрх чөлөөг бататгах уу, засаглалын тогтвортой байдлыг хүсдэг үү, үгүй юү гэдэгт хариулахаас л бидний хариуцлагатай сонголт эхэлнэ.
Б.БОЛДСАЙХАН (“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан):
ТӨВИЙГ САХИЖ, ШУДАРГА ЁСЫГ ЯГШТАЛ БАРИМТЛАХ ЁСТОЙ
-Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн хуульчилсан. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч нь зам тавиулж, гүүр бариулах үүрэгтэй хүн биш. Харин ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө улсын тусгаар тогтнол, дотоод болон гадаад аюулгүй байдлыг хамгаалж чадахуйц, хандлага, ёс зүйн хувьд маш өндөр төлөвшсөн хүн байх ёстой. Мөн ард иргэдтэйгээ ойр ажилладаг, хөрсөн дээрээ буусан бодлого шийдвэр гаргаж чадахуйц туршлагатай, мэдлэгтэй, аливаад хүлээцтэй ханддаг, хэрэв алдаа гаргасан бол түүнийгээ нэн даруй хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж чаддаг, үлгэр дуурайл үзүүлдэг байх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн институц бол Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх бүхий төрийн чухал байгууллага. Тэгэхээр үйл ажиллагаандаа төвийг сахиж, шударга ёсыг ягштал баримтлан, эрх мэдлийн салаа мөчрүүдийн хоорондын тэнцвэрт байдлыг хангаж ажиллах ёстой. Ингэхдээ хэн нэгэн бүлэг этгээд, нам болон өөрийн эрх ашгаа нэн тэргүүнд тавих бус, харин хуулиа дээдэлж, ард түмнийхээ эрх, ашиг сонирхлыг үйл ажиллагаагаараа хамгаалж, болохгүйг нь төрийн бусад институцэд уламжилж байх хэрэгтэй гэж боддог. Би Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн намтрыг хамгийн түрүүнд судална. Тухайн нэр дэвшигчийн боловсрол, мэргэжил, туршлагыг харгалзана гэсэн үг. Мөн ямар ажил, хөдөлмөр эрхэлж байсан, тэр хугацаандаа хэр үр дүн гаргасан бэ гэдгийг нь шинжинэ. Дараа нь мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлс нь хэрэгжих боломжтой, эсэхийг нягтална. Тэр салбарыг дэмжинэ, хууль, эрх зүйн орчныг нь сайжруулна, залуучуудаа хөгжүүлнэ, ядуурлыг бууруулна гэх мэт сонгууль бүрээр амладаг, биелүүлэхэд хүндрэлтэй, “бөөрөнхий” санаануудыг дэмжихгүй. Хамгийн гол нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх нь чухал. Залуучууд бусад үеийнхнийг бодвол харьцангуй хараат бус, аль нэг нам, улс төрийн хүчнийг “дагадаггүй”, хэт нэг талыг барилгүй төвийг сахиж, зөв хүнд саналаа өгөх боломжтой гэж хардаг.
Р.ОЮУНДЭЛГЭР (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан):
АЛЬ НЭГ НАМ, ЭВСЛИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ УЧИРГҮЙ
-Ерөнхийлөгч нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй. Харин төр, засгийн тогтвортой байдлыг хангах, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үндсэн үүрэгтэй. Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах, хүний эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй, эв нэгдлийг хангах чиг үүргээ хэрэгжүүлж чаддаг хүнийг Ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохынхоо хувьд Ерөнхийлөгч нь төрийн сүлдэндээ тангараг өргөсөн үеэс эхлэн намын харьяаллаас түдгэлздэг. Тиймээс аль нэг нам, эвслийн ашиг сонирхлыг хамгаалах ёсгүй. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын зөрчлөөс үүдэн төрийн үйл ажиллагаа цалгардах үед төвийг сахисан байр суурьтай оролцож, гагцхүү эв нэгдлийг хангах зарчмыг баримтлах учиртай. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахын төлөө юу хийх вэ гэдгийг нь онцолж харна. Чиг үүрэгт нь хамаардаггүй, материаллаг баялаг бүтээх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зорилт тусгасан бол дэмжихгүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цөөнгүй иргэн “цагаан сонголт” хийсэн. Энэ нь нэр дэвшигч, түүний мөрийн хөтөлбөр сонгогчдын шаардлагад нийцээгүйтэй холбоотой. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр, бодлого бидний амьдралын алхам бүрт нөлөөлдөг. Өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргах хүнийг сонгох учир сонгуульд хариуцлагатай оролцох хэрэгтэй.
Б.УРАНДАВАА (Герман хэлний багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, харилцаа судлаач):
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ДОРВИТОЙ АХИЦ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
-Гадаадад байгаа монголчуудад Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх боломж олгосонд иргэний хувьд үнэхээр баяртай байна. Би ХБНГУ дахь Элчин сайдын яаманд очиж, саналаа өгнө. Ард иргэдээ хүндэтгэдэг, ардчилсан, эрх, эрх чөлөөг эрхэмлэгч, зөвхөн бэлгэ тэмдэг төдий биш, хууль санаачлах, хууль тогтоомжид хориг тавих, тухайлсан чиг үүргийнхээ хүрээнд дорвитой алхам хийж, ахиц гаргах, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг хангаж чадах ёс зүйтэй, ямар нэг нам болон эрх мэдэлтэнд үйлчилдэггүй, алсын хараатай Ерөнхийлөгчтэй болохыг хүсэж байна. Мөн үнэнч шударга, бүрэн эрхийн хугацаандаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлдэг, чөлөөт сэтгэлгээтэй, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргаж чадах хүнийг сонгоно. Аль намаас нэр дэвшиж буй нь чухал биш. Түүнчлэн туулж ирсэн замнал болон улс төрийн туршлагатай, нийгэмд үлгэр дуурайл үзүүлж чадах, олон ургалч үзэлтэй, удирдах чадвартай зэргийг харгалзан, сонгоно. Үүнээс гадна Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа чадварлаг зөвлөх баг ажиллуулах нь чухал.