ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-2021
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх бүхий МАН, АН, ХҮН нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр өчигдөр холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
АРДЫН НАМЫНХАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЗАСЖЭЭ
МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн нар хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хуулиар тавьсан шаардлагын дагуу нэр дэвшигчийнхээ материалыг бүрдүүллээ. Бид орон даяар 250 мянган гишүүн, дэмжигч, анхан болон дунд шатны 2500 орчим байгууллагаар хэлэлцүүлсний үндсэн дээр таван нэр дэвшигчээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг санал нэгтэйгээр дэмжсэн. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан бүхий л шаардлагыг манай нэр дэвшигч бүрэн хангаж байгаа. МАН мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарсан. Бидний зорилго бол шударга ёс тогтоох, баялгийг тэгш хуваарилах, хүний эрх, ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх. Төрийн тэргүүнийг сонгох сонгууль шударга, будлиангүй, эргэлзээгүй болох нь та бүхнээс хамаарна” хэмээсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 17 зүйлд өөрчлөлт оруулах шаардлагыг Үндэсний аудитын газраас өгсөн юм байна. Үүний дагуу мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулснаа дахин хянуулж бүртгүүлснийг ерөнхий нарийн бичгийн дарга нь онцолсон.
СЕХ: НЭГ НАМААС ЗӨВХӨН НЭГ МАТЕРИАЛ АВАХ ЁСТОЙ
Үүний дараа О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвших Н.Алтанхуяг бичиг баримтаа хүргүүлэхээр хүрэлцэн очсон ч материалыг нь хүлээж авсангүй. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “АН нэр, дүрэм нь улсад бүртгэлтэй, гэрчилгээтэй ч тамга нь асуудалтай байна. Үндсэн хуулийн 31.2-т заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс нэг нэг нэр дэвшигч тодруулах ёстой. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч тусгасан. Улс төрийн намууд дангаараа болон хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болно. АН тус тусдаа нэр дэвшүүлж, дотооддоо маргаантай байна. Нийгмийн амьдралд нөлөө бүхий АН хуульд заасан хэм хэмжээний дагуу нэр дэвшигчээ тодруулах нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхтэй ч холбоотой. Аудитын байгууллага аль намаас, хэнийг нэр дэвшүүлэхийг тогтоох эрх хэмжээ байхгүй тул АН-ын хоёр хүний мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргасан байна. Харин Дээд шүүхээс ирүүлсэн лавлагаагаар АН-ын 2017 оны хоёрдугаар сарын 12-ны VII их хурлын 03 дугаар тогтоолоор намын даргаар С.Эрдэнийг сонгосон байна. Энэ тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй гэдгийг уламжилсан. Үүнийгээ цэгцэлж, шийдээд 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээн авбал намын дотоод дүрмээр зохицуулах асуудалд Сонгуулийн ерөнхий хороо хөндлөнгөөс оролцож, нэр дэвшигчийг тодруулах нөхцөл байдал үүснэ” гээд тэднийг маргаанаа шийдэхийг хүсэв. Тэрбээр эл тайлбараа хоёр хуваагдаад буй АН-ын аль алиных нь төлөөлөлд хэлсэн юм.
“С.ЭРДЭНИЙН ТАЛД УИХ-ЫН НЭГ Ч ГИШҮҮН БАЙХГҮЙ”
Н.Алтанхуягтай хамт УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд очсон бөгөөд тэд Сонгуулийн ерөнхий хорооныхныг нэлээд загналаа. Тухайлбал, гишүүн Ж.Батсуурь “Манай намын нэрийг барьж, хууль бус тамга ашигласан үйл ажиллагаа болсон. Шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь гарган өгөхөд бэлэн байна. УИХ-д 13 суудалтай АН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй” гэсэн бол Н.Алтанхуяг үүнийг хүлээж авахгүй, МАН төрийн толгой дээр гарсан байна хэмээн бухимдсан юм. Тэрбээр “АН хуваагдаагүй. Монгол Улс нэг намын дарангуйлалд орсны илрэл нь энэ. Нэгдүгээрт, АН-ын тамгыг шинээр хийлгэх эрхийг өөр хүнд олгосон нь улсын бүртгэлийн байцаагчийн хууль зөрчсөн үйлдэл. Захиргааны хэргийн шүүх эл асуудлыг хэлэлцээд, энэ оны хоёрдугаар сарын 2-нд шинээр тамга олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн. Тиймээс шинээр олгосон тамга хүчингүй. Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр (уржигдар) болсон ч хойшлуулсан. С.Эрдэнийн хэрэглэж байгаа тамга хүчин төгөлдөр биш. Хоёрдугаарт, УИХ-д суудалтай улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгвэл АН-аас парламентад сонгогдсон 13 гишүүн нэг талдаа гарсан. С.Эрдэнийн талд нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. АН хоёр хуваагдсан гэж биднийг гутаан доромжилж байна. Манай намыг бүртгэхгүй гэвэл Монголын ард түмэндээ хандана” гэж байлаа.
Улмаар тэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тус намын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, АН-ын мянга мянган гишүүний санал, шийдвэр болоод сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж суулт зарлав. Мөн тус намыг “хагарч”, хуваагдсан мэт байдал үүсгэж буй С.Эрдэнэ нь АН-ыг төлөөлөх эрхгүйг Дээд шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон байтал ийнхүү сонгуулийн төв байгууллага нь асуудлыг ужгируулж, нэг намын дарангуйлал тогтоохоор улайрч буй нь эрх баригч хүчний явуулга гэж үзэж байгаа юм байна. Тэд өлсгөлөн зарлахаа ч мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгчид хандаж, ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьсан. Төрийн тэргүүн 17.30 цагт хуралдаан товлосон ч дугаар шилжих мөчид ҮАБЗ хуралдаагүй байсан юм.
ХҮН: ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИЙГ СОНГОЛТТОЙ БОЛГОНО
ХҮН-ын дарга Т.Доржханд тэргүүтэй удирдлага нь нэр дэвшигч Д.Энхбатын материалыг хүлээлгэн өгөхдөө “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд бид хуулиа хүндэтгэж, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Ямар ч тохиолдолд Ерөнхийлөгч хуулийн дагуу сонгогдож, бид бүх дүрэм журмаа хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хамтарч ажиллана. “Зөв хүн электорат” эвсэл иргэддээ амласан ёсоор энэ удаагийн сонгуулийг сонголттой болгож өгнө. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “цагаан” сонголт хийж байсан бол энэ удаа тэдэнд сонголт олгож байна” гэв. Аудитын байгууллагаас тус эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга энэ үеэр тэмдэглээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн материалын бүрдлийг шалгаж, гарын үсэг зурж, хүлээлцэв.
Сонгуулиар ажиглагч хийх бол энэ сарын 10-наас өмнө бүртгүүлнэ
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаж, ажиглах, хараат бус, төрийн бус байгууллага хүсэлтээ энэ сарын 10-наас өмнө ирүүлэхийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос анхааруулжээ. Төрийн бус байгууллагын дүрэм, гэрчилгээний хуулбар, санхүүгийн эх үүсвэр болон бүтэц, бүрэлдэхүүний мэдээлэл, хөндлөнгөөс ажиглах төлөвлөгөө зэргийг СЕХ-нд хүргүүлэх ёстой аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63.1-т “СЕХ-нд бүртгүүлсэн төрийн бус байгууллага санал авах нэг байранд хоёр хүртэлх ажиглагчийг томилж ажиллуулах эрхтэй бөгөөд энэ эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасан. Мөн санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө тухайн хэсгийн хороонд бүртгүүлсэн ажиглагчид үнэмлэх олгохоор хуульчилсан. Ташрамд дурдахад, сум, дүүргийн Сонгуулийн хорооныхон ирэх ням гаргаас өмнө хэсгийн хороодыг байгуулах ёстой. Үүний дараа сонгогчийн нэрийн жагсаалтыг хэсгийн хороодод хүргүүлэх юм.