Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Сангийн болон Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг зарлалаа. Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ.
Тэрбээр "Вакцин хийлгэх, эсэх нь сайн дурынх боловч "КОВИД-19" цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Тиймээс вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй. Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ.
Харин хоёр дахь тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгохоор боллоо. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон" гэв.