"UnitedInfoHub" төслийн багийнхан УИХ-ын намрын чуулганы ирцийн мэдээлэлд мониторинг хийж, мэдээлж буй. Эл судалгаанд УИХ-ын намрын чуулганыг хамгийн олон буюу 12 удаа тасалсан гишүүнийг У.Анандбазар хэмээн дурджээ. Түүний араас Д.Бат-Эрдэнэ гишүүн 11, Б.Энх-Амгалан есөн удаагийн таслалттай бичигдсэн байна. Тэгвэл намрын чуулганаас хамгийн олон удаа чөлөө авсан гишүүнээр У.Хүрэлсүх, Д.Өнөрболор, Ш.Раднаасэд нар бичигдэж байна. Тодруулбал:
- У.Хүрэлсүх 42 удаа
- Д.Өнөрболор 18 удаа
- Ш.Раднаасэд 17 удаа
- Л.Оюун-Эрдэнэ 15 удаа
- Ч.Хүрэлбаатар 13 удаа чөлөө авчээ.
Намрын чуулган нийт 47 удаа хуралдсан бөгөөд Д.Өнөрболор, Ш.Раднаасэд нар гадаадад хувийн шалтгаанаар хэсэг хугацаанд байж, тусгай үүргийн онгоцоор ирсэн учир ийн чөлөө авч байжээ. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байсан тул УИХ-ын чуулганд суух “завгүй” үе олон таарсан бололтой.