Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4 дэх заалтын дагуу УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-нд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.
Үндэсний аудитын газар МАН, АН, Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан бөгөөд зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар аудит хийж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгоно хэмээн заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг холбогдох хуульд нийцүүлэн засварлуулахаар буцаан хүргүүлжээ.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө өнөөдөр хуулийн шаардлагад нийцүүлэн ирүүлэх бөгөөд мөрийн хөтөлбөрийн засварласан хэсгийг Үндэсний аудитын газар дахин хянаж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай юм.