УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 68.4 хувийн ирцтэй, цахимаар эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэв.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Б.Энхбаяр чөлөөтэй байгаа учраас Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Учир нь шударга ёсны төлөөх тэмцлийн гол хэсэг, шүүхийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, хараат бус байдлыг хангах үүднээс УИХ-аас Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан. Гэвч цэцийн дунд суудлын хуралдаанаас уг хуулийн зарим хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болсон, УИХ энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар УИХ-ын гишүү Ж.Сүхбаатар онцоллоо. Мөн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Энхбаяр гишүүний үг, тайлбарыг сонсох шаардлагатай байгаа тул асуудлыг түр хойшлуулах саналтай байна гэлээ.
Гишүүдийн саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарч, өчигдөр УИХ-д ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсох, түүнээс гишүүд асуулт асууж тодруулах хуралдааны дэгтэй. Иймээс тайлбар, мэдээлэл сонсох, асуулт асууж тодруулах бололцоог гишүүдэд олгохыг дэмжиж буйгаа хэллээ.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын саналаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг маргааш хүртэл хойшлуулахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.