МАН: Иргэн бүрт тоон гарын үсэг олгоно
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, Нийтийн мэдээллийн, Хувийн мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсон, хэлэлцэхийг нь дэмжлээ. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, иргэний мэдээлэл авах эрхийн эрх зүйн орчныг сайжруулах, төрд цугларсан мэдээллийг боловсруулж, нээлттэй өгөгдөл болгон чөлөөтэй ашиглах боломж бүрдүүлэх, цахим баримт бичгийг хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэргийг Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг хангаж, төсөв санхүүгийн хэмнэлт гаргана гэж үзсэн аж. Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, ял эдэлж байгаа, эсэх, бэлгийн чиг хандлага болон хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар тусган, Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлжээ. Энэ хуулийг баталснаар хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд заавал эзнийх нь зөвшөөрлийн дагуу цуглуулах, ашиглах нөхцөл бүрдэх гэнэ.
Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, иргэний үнэмлэхийн санах ойд үүнийг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулжээ. Ингэснээр хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
АН: Улсын төсвийг эдийн засгаа сэргээхэд чиглүүлэх ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд хийх ажлын талаар мэдээлэл сонсон, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Шүүхийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцжээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Н.Алтанхуяг, “Та, бидний эвсэл”-ээс сонгогдсон С.Ганбаатар нар АН-д элссэн учир тус намын бүлэгт нэгдэн, 13 гишүүнтэй болоод буй. Ирэх оны төсвийг эдийн засгаа сэргээхэд чиглүүлэх ёстой, төсвийн шинэчлэл хийхийн тулд орон нутагт илүү их эрх мэдэл олгох хэрэгтэйг гишүүд онцолсон байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулах, томилох зэрэг хэд хэдэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн. Шүүх хараат бус, улс төрөөс ангид ажиллах ёстой атал сонгон шалгаруулах үйл явцад нь УИХ шууд оролцох нь зохимжгүй тул Цэцийн дүгнэлттэй бүлгийн гишүүд санал нэгджээ.
Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нар АН-ын даргаар ажиллахдаа эзэмшиж байсан тамгыг О.Цогтгэрэлд хүлээлгэн өгснийг Ц.Туваан гишүүн энэ үеэр хэлэв. Тодруулбал, М.Тулгатын эзэмшиж буй тамга нь хүчингүй тул түүгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг онцолсон юм.