МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАХН болон МАН нь нэгдэж, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. МАХН-ын бүх шатны гишүүд түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлэх болно. Монголын эрх ашгийг төлөөх хамгийн том шийдвэр нь хоёр намын нэгдэл байлаа. Өнөөдөр ард түмний орлого нь хэрэгцээ, амьжиргааны зардалдаа хүрэлцэхгүй байна. Тиймээс шинээр байгуулсан манай намынхан уул уурхайн баялгийг иргэн бүрт хүртээмжтэй хуваарилахыг зорьж буй. Бид шударга ёсыг сахиулахын тулд үзэл бодол, баримтлалаа нэгтгэсэн хэрэг. Ингэснээр шударга ёсыг сахиулж, нийгмийг өөрийн гэсэн чиг баримжаатай болгох юм.
Үүнээс гадна Үндсэн хуулийг өөрчилж, тавдугаар хуулийг батлах цаг нь болжээ. Дэлхийн ихэнх улс Үндсэн хуулиа 20-25 жилийн хугацаанд шинэчилдэг. Бид ч мөн Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон. Үүнээс гадна Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Улстөрч, улс төрийн нам нь иргэндээ ээлтэй байх ёстой" гэв. Мөн түүнчлэн нэгдэж, шинээр байгуулагдсан намын удирдах зөвлөлийн ямар ч албанд тушаалд суухгүй, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.