Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хугацаа өчигдөр эхлэв. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн “бие халаалт” хэдийн эхэлж, нэр дэвшигчид нь эчнээ танил болоод байсан ч албан ёсны өрсөлдөөн үүгээр үүдээ нээж буй хэрэг.
МАН, МАХН хоёр нэгдэж буй тул гурван нэр дэвшигчийн материалыг намууд маргаашийн дотор хүргүүлсэн байх учиртай. Гэвч гурван намаас дөрвөн хүн Ерөнхийлөгчид өрсөлдөхөө зарлачихаад буй. Юуны түрүүнд хоёр талд үйл ажиллагаа явуулж, нэр дэвшигчээ тодруулсан АН-аас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэнийг нь бүртгэх, цаашлаад энэ нам 2021 оны сонгуульд оролцох уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Тэдний хэнийг нь ч бүртгэхгүй бол АН улс төрийн ээлжит өрсөлдөөнөөс мултарна гэсэн үг.
Угтаа гол асуудал нь хүнд бус, намд нь л бий. АН-ын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуульд заасанчлан намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан байна гэж үзэж, хэнийг нь ч бүртгээгүй. Нэр дэвшигчийг бүртгэхэд шаардлагатай 20 орчим баримт бичгээс гурав нь л түүнийг сойж буй намтай нь холбоотой гэж хэлж болно. Тодруулбал, нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, намын дүрэм, энэ удаагийн сонгуульд зориулан боловсруулсан мөрийн хөтөлбөр юм. Гэвч Н.Алтанхуяг хийгээд С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэрүүдэд тус намын удирдлагыг төлөөлсөн өөр өөр хүний гарын үсэг, тамга дараастай тул сонгуулийн төв байгууллага хэнийг нь бүртгэх, эсвэл огт бүртгэхгүй байх вэ гэдгийн гол зангилаа болчихоод буй хэрэг.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Үүнээс хоцорсон тохиолдолд мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй. Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа, эсэх талаарх дүгнэлт үйлдэх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т “Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт, санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэрэгтэй зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа, эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заасан байдаг. Мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай.
Мөн МАН-аас нэр дэвших эрхээ авсан У.Хүрэлсүх сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх шаардлагыг хангахгүй байгаа гэж нийгмийн сүлжээгээр шуугив. Тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон ч гэр бүлийн хүнээ асарна хэмээн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Эхнэрээ эмчлүүлэн хилийн чанадад нэлээд хугацааг өнгөрүүлсэн У.Хүрэлсүх чухам хэзээнээс эх орондоо тогтвортой оршин суусныг хил хамгаалах байгууллагын тодорхойлолт албан ёсоор нотлох ёстой.
Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, өөр бусад хуулиар цөөнгүй шаардлагыг нэр дэвшигчдэд тавьдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг оны өмнө шинэчлэхдээ нэр дэвшигчид хэд хэдэн шалгуур нэмж тавихаар хуульчилсан. Тэдгээрийн нэг нь уг хуулийн 26.2.3-т заасанчлан “сэтгэцийн эмгэггүй байх” шаардлагатай. Нэр дэвшигчдийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн дүгнэлтийг өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиудын үеэр ч шаардаж ирсэн. Гэхдээ одоо тэдний сэтгэцийн эмгэгтэй, эсэхийг заавал шалгаж таарах нь. Ерөнхийлөгч гэлтгүй төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажилласан зарим хүний үг, үйлдэл эрүүл хүний санаанд багтамгүй гэмээр, түүнийхээ төлөө шүүмжлүүлж, чичлүүлсэн тохиолдол нэг бус. Тиймээс ч төрийн өндөр албан тушаалд сонгогдож, томилогдох хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг шалгахыг олон нийт хүсэж, шаардаж буйгаа хэлэх нь бий. Тиймээс ч эл заалтыг хуульд оруулсан байх талтай. Юутай ч нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт гаргах ажлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн удирдан гүйцэтгэж буй. Тэднийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд өчигдөр хуваарийн дагуу хамруулжээ.
Харин өмнөх хуулийн хүрээнд “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” шаардлага тавьж байв. Иймэрхүү заалтаар нэр дэвшихийг нь зориуд хязгаарласан гэх гомдлыг байнга хэлж ирсэн хүмүүс ч бий. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гээд хэн хэн нь хууль, шүүхийн байгууллагад дуудагдаж явсан. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа” болон “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон” хүний нэр дэвших эрхийг хязгаарласан. Тиймээс ял эдэлж байгаа, эсэх болон авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх хоёр төрлийн лавлагааг Цагдаагийн ерөнхий газраас авах юм байна.
Түүнчлэн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлага тавьсан. Өмнөх хуулийн “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэсэн товчхон заалтыг ийн дэлгэрэнгүй тайлбарласан хэрэг. Үүний дагуу нэр дэвшигчид холбогдох баримт, материал бүрдүүлнэ гэсэн үг.