Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой ярилцлаа.
-Цахим орчинд улс төрийн зорилготой санал асуулга, аливаа хэлбэрийн шалгаруулалт явуулсан талаарх дүгнэлтийг ШӨХТГ-аас ХХЗХ-нд хүргүүлсэн гэсэн. Үүний мөрөөр хэрхэн ажиллаж байна вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.1.8-д цахим орчинд улстөрчийн чансаа тогтоох аливаа хэлбэрийн санал асуулга явуулахыг хориглосон. Үүнийг тухайн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлдэг. Харин дээрх заалтын хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ). Тус газрын улсын байцаагч үүнтэй холбоотой албан дүгнэлт ирүүлдэг. Үүний дараа ХХЗХ нь Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журамд заасанчлан хоёр шаталсан арга хэмжээ авдаг юм. Нэгдүгээрт, тухайн хуулийг зөрчсөн агуулга бүхий сурталчилгаа, мэдээлэл байршуулсан сайт болон олон нийтийн сүлжээний хуудас эзэмшигчид зөрчлөө арилгах тухай мэдэгдэл хүргүүлдэг. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол интернэтийн үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан технологийн арга хэмжээ авна. Хэрэв фэйсбүүкт ийм үйлдэл гаргасан бол уг зөрчлийг арилгах хүсэлтийг “Фэйсбүүк” компанид хүргүүлдэг. Тухайн үйлдэл нь хууль зөрчсөн, эсэхийг тус компаниас шалган, холбогдох арга хэмжээ авч, хариу ирүүлнэ. Энэ нь олон улсад, ялангуяа ардчилсан орнуудад жишиг болсон үйл ажиллагаа. ШӨХТГ-аас одоогоор хоёр дүгнэлт ирүүлсэн. Үүнд дээр дурдсаны дагуу арга хэмжээ авч байна.
-Радио, телевизээр явуулж буй сонгуулийн сурталчилгаанд танай байгууллага хэрхэн хяналт тавих бол?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41, 43.7, 43.8 дахь хэсэг, мөн Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 32 дугаар тогтоолоор баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр радио, телевизээр сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасан чиг үүргийн хүрээнд ХХЗХ хяналт тавьж ажиллана. Энэ чиглэлийн зөрчил гаргуулахгүй байхад шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна гэсэн үг.
ХХЗХ-ноос 67 радио, 157 телевизэд тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Эдгээрээр сурталчилгаа нэвтрүүлсэн, эсэхээс үл хамааран Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан дараах үндсэн үзүүлэлтээр байнгын хяналт, мониторинг хийж, тайлан гаргана. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааг эрх бүхий радио, телевизээр нэвтрүүлж байгаа, хуульд заасан хугацаанд эхлүүлж, дуусгасан, улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэгт нийт нэр дэвшигч оролцсон, эсэхэд хяналт тавих юм. Мөн нэг нам, эвслээс нэр дэвшигчийн сурталчилгаа хоногт 15, тэдний талаарх мэдээг хоногт таван минутаас хэтрүүлсэн, эсэхийг хянана. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал нэр дэвшигч оролцсон, сурталчилгааны бус нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлага, сурталчилгаа эхлэхээс өмнө хийсэн, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлсэн, эсэхэд мониторинг хийх юм. Үүнээс гадна радио, телевизээр сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэн хүргэж байгаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай, эсэхийг хянаж, тайлагнана.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, холбогдох журмын дагуу хүүхдэд зориулсан, теле худалдааны төрөлжсөн болон төлбөртэй телевизээс бусад радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг эзэмшигчийнх нь мэдээллийн хамт ХХЗХ-ны цахим хуудсанд байршуулсан. Уг жагсаалтад багтсан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлээ тавдугаар сарын 7-ны дотор манайд ирүүлэх үүрэгтэй. Ингэхдээ сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар төлөвлөсөн хөтөлбөрийн цагийн хуваарь, 2020 оны аравдугаар сарын 16-наас хойш хийсэн, зар сурталчилгаа нэвтрүүлэх хоёроос доошгүй гэрээ, үнийн санал зэргийг үүнд багтаах ёстой. Хуульд заасан хугацаанд мэдэгдлээ ирүүлж, бүртгүүлсэн радио, телевиз л сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй.
-Хэрэв эдгээр заалтыг зөрчвөл ямар хариуцлага ногдуулах вэ?
-Сурталчилгааны бус нэвтрүүлэг, ярилцлагад нэр дэвшигч оролцсон, мөн өмнө нь тухайн хүнийг хамруулан хийсэн аливаа контентыг радио, телевизээр нэвтрүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Тодруулбал, уг хуулийн 17.1.20-д заасны дагуу хуулийн этгээдийг 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200 сая төгрөгөөр торгох юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.8-д заасныг зөрчсөн радио, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гаргасан өдрөөс нь эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авна.
-Нэр дэвшигчдийн өөрийн болон нам, эвслийн цахим хуудас, олон нийтийн сүлжээний нэг хуудас, бусад цахим хуудсыг бүртгүүлж, сурталчилгаа явуулах юм байна. Цахим хаяг, хуудас, бусад хуудас гэдэгт юуг багтаах юм бол?
-Сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч нь сурталчилгаанд ашиглах вебсайт болон цахим орчны олон нийтийн сүлжээний хуудас тус бүр нэгийг үнэмлэхээ гардаж авснаас хойш гурав хоногийн дотор ХХЗХ-нд бүртгүүлнэ. Бусад цахим хуудас гэдэгт нэр дэвшигч, нам, эвсэлтэй хамтран ажиллаж, сонгуулийн сурталчилгаа явуулах бүх төрлийн вебсайт, мөн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хуудсыг багтаана. Эдгээрийг ХХЗХ-нд бүртгүүлснээр сонгуулийн сурталчилгаа хийх боломжтой. Үүнийг цахимаар бүртгүүлэх бөгөөд www.crc.gov.mn хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
-Бүртгэлгүй цахим хуудас, хаягнаас сурталчилгаа явуулбал хууль зөрчсөн гэж ойлгож болох уу?
-Бүртгэлгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулбал хууль зөрчсөн үйлдэл болно. Гэхдээ хувь хүмүүс өөрийн хаягнаас үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Үзэл бодлоо илэрхийлэх, зар сурталчилгаа явуулах нь хоёр өөр ойлголт юм.
-Танайх “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллаж байгаа. Хууль бус сурталчилгаа явуулсан хаягийг хэдий хугацаанд хязгаарлах боломжтой вэ?
-ХХЗХ нь 2019 оны аравдугаар сараас тус компанитай хамтран ажиллах суваг нээсэн. 2020 оны УИХ, мөн орон нутгийн сонгуулийн хугацаанд хамтран ажиллалаа. Манайхаас УИХ-ын сонгуулийн хугацаанд хүргүүлсэн хүсэлтийн 43, орон нутгийн сонгуулийн үеэр өгсөн хүсэлтийн 60 хувийг тус компанийн хуулийн багийнхан шийдвэрлэсэн. Ингэхдээ 90 орчим хувийг нь 1-7 хоногийн хугацаанд шийдсэн байдаг. Тэгэхээр бидний явуулсан хүсэлт бүрийг шийдвэрлэхгүй буюу уг хүсэлтэд дурдсан зүйл нь Монгол Улсын хууль зөрчсөн, эсэхийг “Фэйсбүүк”-ийн хуулийн багийнхан шалгаж, арга хэмжээ авдаг гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд мөн хамтран ажиллахаар яриа хэлцэл, цахим уулзалт хийж байна.
-Сонгуулийн үеэр ЦЕГ-тай танайх хэрхэн хамтран ажиллах вэ?
-ЦЕГ нь цахим орчин дахь контент хууль зөрчсөн, эсэхийг тогтоодог. Ингээд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан хаяг, контентын эрхийг хязгаарлах хүсэлтээ ХХЗХ-нд ирүүлдэг юм. Цахим орчны онцлогоос хамаарч холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа хурдан шуурхай байх шаардлагатай. Тиймээс ХХЗХ-ноос албан бичиг солилцох систем ашиглаж эхэлсэн. Ингэснээр цахим гарын үсэг ашиглан албан бичгүүдийг түргэн шуурхай солилцож, арга хэмжээг аль болох хурдан авах боломж бүрдсэн. Бид ЦЕГ, төрийн бусад холбогдох байгууллагатай байнгын нягт холбоотой хамтран ажиллаж байгаа.
-Цахим орчинд хууль бус сурталчилгаа явуулах нь буурч байна уу?
-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд цахим орчинд тодорхой хяналт тавьдаг болсноор эерэг зүйлс ажиглагдаж байна. Хууль бус зар сурталчилгаа, мэдээллийг тодорхой түвшинд хязгаарлах технологийн боломж бүрдсэн. Ялангуяа мэдээллийн вебсайтуудын эзэмшигчид нь хуулиа маш сайн хэрэгжүүлдэг. Мэдээж цахим орчинд 100 хувь хяналт тавих хууль, эрх зүйн болон технологийн боломжгүй. Одоогоор холбогдох эрх бүхий байгууллагууд нь гомдлын дагуу хууль зөрчсөн контентыг шалгадаг. Энэ бол ардчилсан улс орны хувьд зөв тогтолцоо юм. ХХЗХ нь аливаа төрлийн контентыг хууль зөрчсөн, эсэхийг тогтоодог байгууллага биш. Гагцхүү эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн дагуу технологийн арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг.