Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд тус дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүсэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичгээр уламжиллаа. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Хан-Уул дүүрэгт барьж, ашиглалтад оруулсан нэгдсэн эмнэлгийн жишгээр барих саналтайгаа тэд танилцуулсан юм.
Тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Шар хад" орчимд барих боломжтой бөгөөд хоёр га газрыг чөлөөлөх талаар Нийслэлийн удирдлагуудаас анхаарч буй гэлээ. Харин эмнэлгийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулахад Барилга хот байгуулалтын яамнаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн бусад шаардагдах зүйлс болон төсөвтэй холбоотой асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Хүсэлтийг хүлээн аваад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргаж, Улсын нэгдсэн төсөвт тусгуулах талаар анхаарна гэдгээ Ерөнхий сайд хэллээ.