Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдэн сан байгуулах төслийн ажлын хэсгийн хурал өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтаар төсөл тус бүрийн ажлын хэсгийн ахлагч нарын боловсруулалтын ажлын явцын мэдээллийг сонсож, асуулт хариулт өрнүүлж, Ерөнхий сайд зарим үүрэг даалгаврыг өгөв.
Монголд өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд байгаа бөгөөд үүний зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж, төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадвар сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулсан юм. Энэхүү Хөгжлийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангуудтай бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой гэв. Мөн Хуримтлалын нэгдсэн сангийн тухайд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болох зорилготой гэнэ.
Үүнээс гадна Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттай шилжих бодлогыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд хугацаанд урагшлуулах нь Засгийн газрын туйлын зорилго гэдийг Ерөнхий сайд онцоллоо.