Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 13 гишүүний ирцтэй эхэлж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн найм дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан юм.
Энэ үеэр "Монгол Улсын Үндсэн хуулийг батлаад 29 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн Улсын Их Хурлын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавьж байна" гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн дурдаад “Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал хүлээж авсан эсэхээр эцсийн шийдвэр гардаг. Харин энэ тохиолдол буюу Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж харагдаж байна. Зарим хуульч ч ингэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг. Тэгвэл өөрийнх нь шийдвэрт хяналт тавих байгууллагад хориг тавих уу гэдгийг анхаарах ёстой” гэлээ.
Харин үүний хариуд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга "Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт биш, харин Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан" гэж онцоллоо.
Мөн Ерөнхийлөгчийн дээрх хоригт хууль зүйн үндэслэл дурдагдаагүй, харин улс төрийн агуулга бүхий үндэслэл дурдсан байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэв. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг онцлон дурдаж, тайлбар хийв. Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулах, дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ нь эцсийн шийдвэр болох Үндсэн хуулийн зохицуулалттай, үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд иргэн бүр биелүүлэх үүрэгтэй болдог хэмээн тайлбарласан. Энэ удаагийн тохиолдол нь Үндсэн хуулийн, засаглал хоорондын эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөх эрсдэлтэй" хэмээв. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Цэцийн шийдвэр нь ёс зүйгүй, процессийн алдаатай байсныг Улсын Их Хурал хэлэлцэн, хүлээн авсан нь буруу гэдэг байр суурийг илэрхийлэв. Үүнийг нягталж үзэх ганц боломж хэмээн үзсэн тул Ерөнхийлөгчийн хориг тавьсан гэв.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.