Найруулагч Д.Бямбасүрэнгийн шинэ бүтээл “Алтан судал” кино Швейцарын Женев хотод болсон Хүний эрхийн сэдэвт киноны олон улсын наадмаас хошой шагнал хүртэв. Тодруулбал, гол буюу мэргэжлийн шүүгчдийн, мөн өсвөрийн шүүгчдийн нэрэмжит шагнал авчээ. Энэ нь уг наадмын түүхэнд нэг бүтээлд хошой шагнал олгосон анхны тохиолдол болсон гэнэ. Найруулагч “Алтан судал”-даа манай улсын алт олборлолтын өнөөгийн байдлын талаар хөндсөн аж. Ялангуяа алт олборлолт нутгийн иргэдэд ямар нөлөө үзүүлж байгааг онцолж, хүмүүсийн амьжиргаа, аж байдал, хэвлийгээ сэндийчүүлсэн газар орны тухай дүрсэлсэн юм. Киноны гол дүр нь 12 настай Амараа хүү юм. Түүнд Б.Бат-Ирээдүй тоглосон байна. Мөн дүрүүдэд Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тогложээ.
“Алтан судал”-ыг өнгөрсөн оны хоёрдугаар сард Берлиний кино наадмын үеэр нээсэн билээ.