Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод илрэх халдварын тоо огцом өсч, олон хүнийг хамарсан халдварын голомтууд бүртгэгдэж байна гэдгийг ХӨСҮТ-ийн халварт өвчний, тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тэрбээр, "Эрүүл мэндийн ажилчдын дунд бүртгэх халдвар ч мөн өсч байна. Тиймээс иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажил төрөлдөө олноор цугларахгүйгээр цахимаар хийх, олон хүнтэй газраар явахгүй байх, фитнесст явдаг бол халдварын тархалт их байгаа энэ үед түр хугацаанд явахгүй байх шаардлагатай.
Албан байгууллагуудын хувьд дотоод зохион байгуулалт хийж, нэг өдөр цугларах хүмүүсийнхээ тоог багасгах, ээлжилж ажиллах хэрэгтэй. Нэг дор 10-аас дээш хүн цугларахгүй байх нь чухал юм. Ингэснээр танай байгууллагын хэн нэгнээс халдвар илэрлээ гэхэд халдварт өртөх хүний тоо бага байна гэсэн үг. Тиймээс дээрх зүйлсийг анхаараарай. Нийслэлд ойрын өдрүүдэд халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Иймд хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй" гэдгийг онцлон хэлэв.