Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танилцуулж байна.
Тэрбээр “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн. Энэ үйл ажиллагаа нь иргэдийг халдварт өвчнөөс хамгаалах, эдийн засгийн хүнд байдалд орохоос сэргийлж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж буй. Засгийн газар, УОК-оос вакцинжуулалтыг хоёр үе шаттай явуулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид халдварын голомт болсон нийслэлд ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг гурав дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна. Хоёрдугаарт нь орон нутгийн иргэдээ тав, зургаадугаар сард багтаан вакцинжуулахаар төлөвлөсөн. Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулах ажил дуусна.
Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд 10 хоногт багтаан 1.5 сая хүнээ вакцинжуулсан туршлагатай. Шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц хангалттай бий гэж үзэж байна.
Астразенека вакциныг онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, эмч сувилагч гээд нийтдээ 15 мянга гаруй ажилтанд вакцин хийлээ. Энэ хугацаанд ямар нэгэн сөрөг нөлөөлөл байгаа эсэхэд тандалт судалгаа хийх шаардлагатай байсан. Энэ хүрээнд вакцинд хамрагдсан нийт иргэдийн 40 гаруй хувь нь бусад вакцинуудыг хийхэд илэрдэг шинж тэмдгүүд илэрсэн. Өөрөөр хэлбэл, вакцины ноцтой урвал гарахгүй байгаа учраас өргөн цар хүрээтэй вакцинжуулалтыг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
Улсын Онцгой комисс ирэх долоо хоногт худалдаа үйлчилгээний байгууллагын 40 гаруй мянган иргэнийг вакцинд хамруулна. Томоохон зах, худалдааны төвд ажиллаж байгаа иргэд хамарна" гэв.