Монгол Улсын шүүхээр хэлэлцэж буй асуудлын багагүй хувийг залилангийн гэмт хэрэг эзэлдэг аж. Залилагчдын олонх нь залуус. Ид хийж, бүтээх насны, мэдлэг, боловсролтой иргэд голдуу залилангийн хэргээр ял сонсдог гэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлснээр 2020 онд шийдвэрлэсэн залилангийн хэрэг өмнөх оноос 18.2 хувиар өссөн байна. Тоо мэдээллээс харахад Монгол залуусын биш, залилагчдын орон ч юм шиг. Сэрэмжлүүлэх үүднээс гурван өөр газарт гарсан, гурван эмэгтэйн залилангийн түүхийг дор сийрүүллээ. Залилагчдын түүхийг уншаад нэг ч иргэн болтугай гэмт хэрэгтэн эсвэл хохирогч болохоос зайлсхийж чадвал нийтэлсний хэрэг бүтэх нь тэр. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд оны өмнөхөн шүүгдэгч А-д холбогдох залилангийн хэргийг хянажээ. Хэргийн талаар цухас дурдъя.
А дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, 33 настай хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урд өмнө нь ял шийтгэл сонсож байгаагүй нэгэн. Тэрбээр эртний танилдаа “Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авах юм. Дансандаа мөнгө байршуулах шаардлагатай байна” хэмээн итгүүлж 60 000 000 төгрөг залилжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А-г бусдыг залилсан гэм буруутайд тооцов. Улмаар Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-г 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Гэхдээ мөнгөө 30 сарын хугацаанд сард 333 333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэр гаргасан аж. Харин хохирогч багагүй хугацаанд хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөө хормын төдийд залилуулчихаад эргээд гурван жилийн турш цувуулж авах нь хэмээн бухимджээ. Шүүгдэгч торгох ялыг хугацаанд нь биелүүлэхгүй бол ялыг хорих ялаар солих хуулийн заалттай.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан аж. Гомдолд “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” хэмээн дурдсан аж. Харин хохирогч Н-ийн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч А торгуулийн ялыг төлөх боломжгүй бөгөөд нийт банк болон иргэдэд 200 000 000 төгрөгийн өр төлбөртэй. Анхан шатны шүүх төлбөрийн чадваргүй хүнд торгуулийн ял оногдуулсан. Шүүх шударга байх ёстой” гэж маргажээ. Прокурор А.Оюунгэрэл ч А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн үзэж буйгаа хэлэлцүүлгийн явцад хэлжээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэж үзсэн. Харин Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн хэмээв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард дээд боловсролтой, багш мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй гэх Э-д холбогдох хэргийг хэлэлцжээ. Улмаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн шүүгдэгчээс 25 100 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б, Т нар өгөхийг шүүхийн шийдвэрийнхэнд даалгасан байна. Багш эмэгтэй Канад, Польшид сар тэтгэлэгтэй сургуульд зуучилна хэмээн бусдыг залилж, их хэмжээний мөнгө авдаг байж. Тэрбээр, нийтдээ таван иргэнд 53 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Э-ийн цагдан хоригдсон долоо хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Харин шүүгдэгч Э хяналтын шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Би хохирогч. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар надад гурван жилийн ял оноолоо. Ээжийн минь төрсөн дүүгийн хүү Д, түүний эхнэр Б нарын үнэнийг илчилье. Тэд надад гэм бурууг надад тохож, өөрсдөө хохирогчийн дүр эсгэн ял завшсан. Учир нь Д, Б нар нь уг хэргийг санаачилж, надтай Т-г уулзуулсан. Мөн Т-гээс авсан мөнгөнөөс 10 сая төгрөг авсан. Тэд “Миний дотнын найз Э 2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт очсон. Тэр хүн арыг даана, би ч гарыг нь цайлгасан” гэх зэргээр худал ярьж, намайг төөрөгдүүлсэн. Одоо надад буруугаа тохож, бүх зүйл миний эсрэг боллоо. Хэрэгт хяналт тавьж байсан Чингэлтэй дүүргийн прокурор Чимгээ 2019 оны арваннэгдүгээр сард намайг “Ирж уулз” гэж дуудсан. Гол нь дуудсан газар нь гудамжны тамхины цэг. Хэргийг нь хянаж байгаа хүнээ албан бусаар дуудсан нь хувийн сонирхолтойг нь илтгэнэ. Энэ нь прокурор хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл төдийгүй, хэргийн зүйлчлэлд хөндлөнгийн нөлөө орсон гэх үндэслэлтэй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ганцаараа хариуцлага хүлээх нь шударга бус. Иймд надад холбогдох хэргийг прокурор, мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү” гэх агуулгатай зүйл ярьсан байдаг.
Улсын дээд шүүх хэргийг хянаад Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ нь яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчил гаргасан хэмээв. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны шийдвэр, магадлал хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6-3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... прокурор, мөрдөгч нь яллагдагч ... өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” хэмээх заалтыг зөрчиж, яллагдагч Э-г “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” эрхийг хязгаарласныг хяналтын шатны шүүх тогтоожээ. Улмаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Гэхдээ хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.
Одоо бичих хэргийг мөн л Улсын дээд шүүхэд хянан хэлэлцсэн. Үйл явдал Дархан-Уул аймагт өрнөсөн. Бас ид хөдөлмөрлөх насны, дээд боловсрол эзэмшсэн, эрхзүйч мэргэжилтэй Л нь амар хялбар аргаар амьдрахаа урьтаж болгож, 10 гаруй иргэнийг залилсан хэрэгт холбогдсон юм.
Дархан-Уул аймаг дахь нэгэн арилжааны банканд харилцааны менежерээр ажилладаг Л танилуудаа банкны зээлээ төлөхөөр ирэхэд нь дундаас нь мөнгийг авч залилдаг байж. Түүгээр барахгүй нэг бус иргэний орон сууцыг эздийнх нь зөвшөөрөлгүйгээр банкны барьцаанд тавьж, хохироожээ. Товчхондоо амташсан хэрээ 13 дахина гэгчээр Л нийт 15 удаагийн үйлдлээр банк болон бусад иргэнд 291 685 500 төгрөгийн хохирол учруулсан гэх. Түүний хамтрагч нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Э гэнэ. Э нь Л-ийн гуйлтаар бусдын орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн эрх олгосон итгэмжлэл олгожээ. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л, Э нарыг гэм буруутайд тооцов. Ингэхдээ Л-д Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар долоон жил хорих ял оноосон байдаг. Харин нотариатч Э-д 5.4 сая төгрөгийн торгуулийн ял ногдуулжээ. Э торгуулиа 24 сарын дотор төлөх үүрэг хүлээсэн байна. Мөн барьцаанд буй байруудыг эздэд нь буцааж өгөхийг банканд даалгажээ. Банк нь иргэний хэргийн шүүхэд хандаж, хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ. Улмаар хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорт буцаасан аж. Ингэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л ийг албан банканд ажилладаг давуу байдлаа ашиглаж иргэдийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан буруутай тооцсон нь үндэслэлтэй ч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүхэлд нь шүүгдэгч Л-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзжээ.
Дээрх жишээнд дурдсан Л, Э, А нар залилан хийснээ хүлээн зөвшөөрсөн. Гол нь оноосон ялыг хүндэдсэн, хөнгөдсөн талаар маргажээ. Ялын бодлогын тухайд залилангийн хэрэгт оноох шийтгэл харьцангуй хөнгөрсөн гэдгийг эрхзүйчид хэлдэг. Өмнө нь буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 148.3-д зааснаар залилагчийн хөрөнгийг хурааж, цалингийн доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байсан. Өдгөө 50 саяас дээш төгрөгийн хохирол учруулсан бол 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр буюу Эрүүгийн хуулийн 13.3-2 зааснаар ял шийтгүүлнэ. Өөрөөр хэлбэл, А 50 эсвэл Э 500 сая, Л таван тэрбум төгрөг залилахад адилхан найм хүртэлх жилийн ял авах нөхцөл бүрдсэн. Шүүхийн хэлэлцэх хэргүүдийн дотор залилангийн хэрэг нэлээд жин дардаг. Хамгийн гол нь залилангийн хэрэг өссөн, эзэн холбогдогч нь залуус байгаа нь харуусмаар статистик биш гэж үү.