“Хэвтрийн хүн” кинонд өгүүлсэн “Чи “Дурлалгүй ертөнцийн блюз”-ыг уншсан уу” гэх асуулт одоо ч чихэнд сонсогдсоор.
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын 2002 онд уншигчидтай “уулзсан” эл түүвэрт багтсан “Хэвтрийн хүн” бэсрэг романаас сэдэвлэсэн ижил нэрт кино уржигдар “мэндлэв”. Бусаны олон улсын наадмын шагналт, “Гүрү медиа”-гийн найруулагч С.Бямба Г.Аюурзанын эл бүтээлийг хэвлэгдсэн онд нь уншиж, кино зохиолын анхны хувилбараа ХБНГУ-ын Штутгарт хотод урлагийн хөтөлбөрт хамрагдаж байхдаа бичжээ. Тэгэхээр 18 жилийн өмнөөс найруулагчийг соронз шиг татчихаж. Эргэн сануулахад, найруулагч С.Бямба “Мөнхийн хөдөлгүүр” баримтат кинондоо Г.Аюурзанын “Цаг хугацааны тухай яриа” эсээнээс санаа авч байсан юм. Тус бүтээл 2002 оны Ямагатагийн олон улсын баримтат киноны наадмын уралдаант хэсэгт шалгарч байлаа.
Каннын кино наадмын “Le atelier” хөтөлбөрт Монголоос анх удаа сонгогдож, уг хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр үзэгчдэд хүргэж буй “Хэвтрийн хүн”-ээ С.Бямба найруулагч “Сонголтын тухай” гэж товч танилцуулсан. Товчхондоо, эл кинонд 27 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг хувь тавилан, он цаг дамнасан хоржоонт, ээдрээтэй үйл явдлаар илэрхийлж, бидний оршихуйн мөн чанарын тухай өгүүлнэ.
Киноны гол дүрд нэр үгүй. Тэр зүгээр л Хэвтрийн хүн. Амьдралын мөн чанар, өөрийгөө танихаар эрмэлзэж буй эл дүрд залуу жүжигчин Г.Баттулга, түүний найз бүсгүйд Т.Ариунчимэг нар тоглосон. Тэдний ажилласан анхны гол дүр аж. Найруулагч С.Бямба “Би олонхын жишгээр явах дуртай хүн биш. Тийм ч учраас зүгээр шугаман бичлэгтэй зохиол барьж аваад, үйл явдал хөөхөөс илүүтэй “Хэвтрийн хүн” шиг зохиол надад сонирхолтой. Харин миний сэтгэлийг хамгийн их зовоосон зүйл нь жүжигчид. Иймэрхүү сэтгэл зүйн хувирал ихтэй, монголчуудын дунд хэвшсэн эр, эмийн, эцэг, хүүхдийн харилцааны ойлголтыг нэлээд өөр өнцгөөр харуулсан хэсгүүдийг үнэмшилтэй тоглох, кинонд хүний амьдралын урт удаан хугацааг харуулах учраас түүнд тохирох жүжигчнийг олох л чухал байлаа” гэсэн. Тэр эрлээ олжээ. Тус кинонд тоглосон жүжигчид ажлаа мэргэжлийн, сайн гүйцэтгэж. Хамгийн гол нь маш энгийн байв. Учир нь жүжиглээгүй, “амьдарсан”. Тухайлбал, жүжигчин Ш.Доржсүрэн, Р.Баттогтох, М.Тогтохжаргал, Д.Оюунзул нарыг дурдъя. Жүжигчин Б.Билгүүн киноны хамгийн нандин дүр буюу компьютерын засварчинд тогложээ. Хоёр үзэгдэлд гарах ч маш “амттай” дүр. Бас киноны дүр заавал хүн байх албагүйг найруулагч харуулав. Тус кинонд жижиг хэрэглэлүүд, мөн “Галзуу хулгана” тоглоом дүр “бүтээсэн”. Алгуур өгсөж, эрчлэн хурдалж, зарим үед хурд нь саарч, бүр гацаж зогссон “Галзуу хулгана”-аар найруулагч амьдрал мөнхийн хөдөлгөөнд оршдог гэдгийг харуулахыг хүссэн байх.
“Гүрү медиа”-гийн продюсер Ц.Ариунаа “Янз бүрийн онцлог, чадвар, мэдлэгтэй хүмүүсийг нэг чигт залж явах амаргүй. Гэхдээ маш сайн баг бүрдүүлж чадвал том уран бүтээлийн ард түүртэлгүй гарчихна. Гол нь итгэл. Сонгосон хамт олондоо итгэж, ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлчихэд л хангалттай. Тиймээс авьяас, хариуцлага, ёс зүйтэй уран бүтээлчтэй л хамтрах дуртай” гэсэн. “Хэвтрийн хүн”-д тэрбээр мөн л сонирхолтой баг бүрдүүлжээ. Тодруулбал, Швейцарын уран бүтээлч Балтазар Юукер тус киноны дууны найруулагчаар ажиллаж, ХБНГУ-ын Берлин хот дахь “Studio mitte”-д пост продакшныг гүйцэтгэжээ. Мөн хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх кинонд зориулж зургаан саундтрак бичиж, АНУ дахь студид хөгжмийн тохируулгыг хийсэн байна. Өдгөө “Netflix” кино компанийн уран бүтээлд ажиллаж буй Д.Ариунсайхан ерөнхий зураачаар, Б.Түвшинтөгс ерөнхий зураглаачаар ажилласан бол уран бүтээлч “Mag¬nolian” буюу Б.Дөлгөөн “Хэвтрийн хүн”-ийг англи хэл рүү хөрвүүлсэн аж.
Нэг цаг 54 минут үргэлжлэх “Хэвтрийн хүн”-ийг алдарт найруулагч Б.Сумхүүгийн 1975 онд бүтээсэн “Хань” киноны хэсгээр “чимжээ”. Энэ хэсгээс бас сонирхолтой харилцаа, хайр, өгүүлэмжийг үзнэ. Мөн “Нисванис” хамтлагийн “Сэтгэл хөдөлнө” тэргүүтэй дуугаар үйл явдлуудыг тодруулсан. Ер нь кинонд зураглаачийн ашиггүй нэг ч план, хэрэггүй дүр, шаардлагагүй сул үг байсангүй. Киног аль ч хэсгээс нь зогсоогоод харвал кадр бүр нь уран сайхны гэрэл зураг мэт. Найруулагч С.Бямбын кинонуудад хөврөн урсах зам, тэнгэрийн дүрслэл гардгийг түүний бүтээлүүдэд дурлагсад мэдэх байх. “Хэвтрийн хүн”-д ч эдгээр дүрслэл бий. Тэрбээр үүнийгээ “Сонголт ба цаг хугацааг илэрхийлж буй” гэж тайлбарладаг.
Ташрамд дурдахад, “Хэвтрийн хүн” киног дэлхийн зах зээлд түгээх ажлыг ХБНГУ-ын “Pluto films” хариуцаж байгаа бөгөөд тус уран бүтээлийн дэлхийн хэмжээний нээлтийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногт хийхээр товложээ. Түүнчлэн FIAPF буюу Кино продюсеруудын нийгэмлэгийн олон улсын холбооны А зэрэглэлд багтдаг 15 кино наадмын аль нэгийн үеэр үзүүлэх аж.