"Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 19- 25-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, тус кино наадмыг энэ жил XII дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил зэрэг 11 улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулах юм байна. Мөн кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулахаар болжээ.
Тус наадмын “Нээлтийн кино” уралдаант хэсэгт найруулагч Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” бүтээлүүд ирснээс “Хэвтрийн хүн” нээлтийн киногоор нээхээр болжээ. Харин кино форум нь энэ сарын 22-23-нд “Тэнгис” кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэй болно гэв.
Түүнчлэн энэхүү кино наадам нь өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24,000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтад хамруулж, чадавхыг дээшлүүлсэн байна.