PBS, BBC зэрэг сувгаар бүтээлээ хүргэдэг, найруулагч, зохиолч Роберт Либермэн “Чингис хаанаас хойших эзэнт гүрний цуурай” баримтат кино бүтээснээ энэ сарын 16-нд дэлхий нийтэд цахимаар танилцуулах болжээ. “Фотосинтез” продакшныхан болон зохиолч Дебора Ховард эл бүтээлд алдарт найруулагчтай гар нийлэн ажилласан байна. Дэлхий нийт Монголыг Чингис хааны, нүүдлийн соёлын өлгий гэдгээр нь илүү мэддэг. Харин эл кино монголчуудыг өөрөөр харуулахыг зорьжээ. Тодруулбал, суурин болон нүүдэлчин хэв маягийг хэрхэн хослуулан аж төрж байгааг “Чингис хаанаас хойших эзэнт гүрний цуурай”-д тусгасан аж. “Нью-Йорк таймс” сонины шилдэг борлуулалттай номоор хэдэнтээ шалгарсан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”-ы зохиолч Жак Уэтэрфорд тус киног “Мэдээжийн хэрэг энэ бол Монголын тухай хамгийн шилдэг бүтээл. Хэвшмэл ойлголтуудыг сийрүүлсэн учир ирээдүйд чухал ач холбогдолтой” гэж онцолсон бол “Лени Рифеншталь: Гэмт хэрэгтний карьер”-ыг бичсэн, найруулагч Нина Гладиц “Ямар сайхан кино вэ. Би өмнө нь Монголын тухай цөөнгүй кино үзсэн боловч монголчуудын амьдрал, үзэл санаа, үнэт зүйлийн талаарх олон шинэ зүйлийг эндээс мэдэж авлаа” гэжээ.