“U film” уран бүтээлийн нэгдэл 2013 оноос ганц бие гурван бүсгүйн амьдралыг өгүүлсэн “Single ladies” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн. Тус цувралын дөрөв дэх буюу “Single ladies 4: Төгсгөл ба эхлэл”-ийг өнгөрсөн пүрэв гаргаас үзэгчдэд хүргэж эхэллээ. Киноны үйл явдал XIII зууны үед нэгэн хосын хагацлаар эхэлнэ. Бүсгүй хайртай залуугаа хороолгохыг харснаар хадан хавцлаас нисэж амиа егүүтгэнэ. Үзэгчдийн эчнээ мэдэх орчин цагийн ганц бие бүсгүй Ариунсанаа дотнын найз Сарангуагийн хамт гадаадад аялж явахдаа нэгэн учир битүүлэг хүнээс бөгж худалдан авснаар үйл явдал цааш өрнөх аж. Ариунсанаа худалдан авсан бөгжөө зүүмэгц XIII зуунд оччих нь тэр. Ингэж тэрбээр кино эхлэх үеийн үйл явдалтай холбогдох ажээ. Учир нь Ариунсанаа Чингис хааны охин, Түмэлүн хатны Персийг дайлаар мордож буй цаг үед очсон байх аж. Гэтэл өнөөх шидэт бөгжөө булаалган, буцах аргагүй болно. Ийн бөгжнийх өө хойноос явсаар урьд насныхаа бүтээг үй хайр сэтгэлтэй учирна. Л.Бат-Амгалангийн найруулсан тус кинонд Монгол, Орос, Буриад, Хятад, Англи, Турк, Португал, Финланд, Африк, Казахстан зэрэг арав гаруй улсын 285 уран бүтээлч тогложээ. Энэ талаар продюсер, жүжигчин Г.Ундармаа “Төгсгөлийн ангийг үзэгчдэд илүү сонирхолтой байлгаж, чанартай бүтээл үзүүлье гэж зорьсон. Гадаадын уран бүтээлчдийг тоглуулж, дотоодынхтой туршлага солилцуулъя гэж хүссэн” гэв. Гол дүрүүдэд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Г.Ундармаа, А.Туяа, М.Наранбаатар, С.Хүслэн, Э.Зүнжээ нар тоглосон эл киноны зургийг Дундговь, Төв аймагт болон Турк улсад авсан аж. Сонирхуулахад, “Single ladies 4” киноны баатрын хувцас, хуяг дуулгыг урлахад 350 кг төмөр, 2200 метр даавуу, 50 метр орчим арьс, шир зарцуулсан гэнэ. Түүнчлэн 40 гаруй эмнэг морийг байлдааны зориулалтаар сургаж, кинонд “тоглуулжээ”.