Өнөөдөр Монголын үндэсний кино урлагийн холбооноос маргааш болох "Монгол кино- 2020" чуулга уулзалтын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголын үндэсний кино урлагийн холбооны тэргүүн М.Оргил хэлэхдээ "Анхдугаар чуулга уулзалтаар кино урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхий нийтийг түгшээж буй “COVID-19” халдвар Монголын кино урлагийн салбарт үзүүлж буй нөлөө, олон улсын кино салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэнэ. Мөн Монголын кино урлагийн салбар нэгдмэл байдалд хүрлээ, Монголын кино урлагийн дэд бүтэцтэй боллоо гэдгээ тунхаглан зарлана. Цаашид нэг цонхоор бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцана” хэмээв
Харин Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн хэлэхдээ “Монголын кино урлагийг төлөөлсөн олон нийтийн байгууллага олон бий ч тус тусдаа бие биенээ хараад явж байгаа. Үүнийг нэгтгэх цаг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч кино уран бүтээлчдийг хоёр ч удаа хүлээн авч уулзсан. Түүнээс хойш хагас жил өнгөрсөн ч дорвитой ажил хийсэнгүй. Монголын кино урлагийн өнөөгийн төвшин тааруу байгааг бүгд мэдэж байгаа. Манай уран бүтээлчид, кино үйлдвэр тарж алга болсноос хойш бие даасан олон продакшн бий болж чадлын хэрээр олон улсын кино наадамд оролцож байна. Үүнээс үзэхэд киноны төвшин ахиж байна. Зөвхөн ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр манай залуу уран бүтээлчид киногоо хийж байгаа.
Одоо харин Монголын кино урлагт дутагдаж байгаа нэг зүйл нь мэргэжлийн продюсер юм. Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаас үзэхэд мэргэжлийн продюсер гэж хэлж болох хэдэн залуус байгаа нь баярлуулж байна. Продюсерийн алба, ажилд үндэслэж кино уран бүтээл явагддаг. Үйлдвэрлэл, уран бүтээл, зах зээл гэсэн гурван зүйл нэгдэж байж кино олон түмэнд хүрдэг. Тиймээс залуу уран бүтээлчид өөр хоорондоо нэгдэж, нэгдсэн удирдлага гарч ирж байж төрийн бодлогоор хэрэгжүүлнэ” гэв.
Түүнчлэн "Монгол кино-2020" чуулга уулзалт маргааш ГХЯ-нд болох бөгөөд энэ жилийн тухайд “Цар тахлын өмнө ба дараах Монголын кино урлаг” сэдвийн хүрээнд явуулах юм. Тус уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, Соёлын яам, БНУУ-ын ЭСЯ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын кино институт, Махаан пикчерс, Очир фильмс, Студикс студи зэрэг байгууллага хамтран зохион байгуулах байна.
Ташрамд дурдахад, МҮКХ нь 2017 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэй АНУ-ын Лос Анжелес хотод төвтэй Олон улсын кино хороодын ассциацид, 2019 онд Азийн кино хороодын сүлжээнд албан ёсны гишүүнээр элссэн юм.