Найруулагч С.Бямбын "Хэвтрийн хүн" кино ирэх сарын 20-нд нээлтээ хийхээр болжээ. Тус бүтээлийг зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Дурлалгүй ертөнцийн блюз" номд орсон "Хэвтрийн хүн" туужаас сэдэвлэн бүтээж байгаа аж.
Эргэн сануулахад, Каннын олон улсын кино наадмын “Le Atelier” төрөлд найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарсан бөгөөд тус найруулагч нь “Хүй”, “Нохой орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюссерээр ажилласан юм.
Харин энэ удаа тэрбээр Каннын кино наадмын “Le Atelier” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, Guru Media, Nomadia Pictures хамтран бүтээсэн байна. Тус хөтөлбөр нь дэлхийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих, олон улсын кино студи, продюсер болон кино санхүүжүүлэгч нарт зориулж 2005 оноос эхлэн хэрэгжсэн байна.
Түүнчлэн хөтөлбөрт шалгарсан найруулагчид ирэх тавдугаар сарын 19-25-нд кино салбарын хөрөнгө оруулагчид болон компаниудын төлөөлөлтэй уулзан төслөө танилцуулах аж. Хөтөлбөрт нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл шалгарснаас Монгол, Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур, Бангладеш зэрэг орны найруулагчид багтжээ.