Цар тахлын эрсдэлтэй энэ цаг үед БНХАУ-аас их хэмжээний Хятад иргэн ирж байна гэх шүүмжлэл сошиалд өрнөж байна. Тэгвэл Хятад иргэдийг ямар учраас Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өглөө.
ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн:
Сүүлийн үед цахим орчинд "улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хил хамгаалах байгууллага хяналт шалгалтыг дутуу хийсэн, хяналтгүйгээр гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлсэн" гэсэн мэдээлэл тархаж, хил хамгаалах байгууллага болон хилчдийг гүтгэсэн. Хилчид хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, Ковид-19-ийн эрсдэлтэй үед үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байна.
Хилчдийн нэр хүндэд халдаж буй дээрх асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Хилээр зөвхөн олон улсын ачаа тээвэр, дипломат ажилтнууд, бүтээн байгуулалтад оролцох гадаадын инженер, техникийн ажилтнуудыг нэвтрүүлж байна. Зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.
Улаанбаатар хотод Худалдаа хөгжлийн банкны барилгад ажиллах "Чайна стейт констракшн монголиа" ХХК-ийн 28, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Зүүн тойрмын уурхайн бүтээн байгуулалтад оролцох "Чинхаш" ХХК-ны 23, нийт БНХАУ-ын 51 инженер техникийн ажилтан иржээ.