Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар энэ оны есдүгээр сарын эхээр манай улсад айлчилсан билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тэргүүн үүнээс хоёр сар орчмын дараа буюу өнгөрсөн долоо хоногт өмнөд хөршид айлчлаад ирлээ. Түүхэн, тэгш ойн хүрээнд талууд өндөр түвшний харилцан айлчлал хийснээр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохуйц шинэ “замууд”-ыг гаргав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлалын багт парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, УИХ, Засгийн газрын гишүүд багтсанаараа ихээхэн онцлогтой.
ыЭнэ нь сонгуулийн шинэ тогтолцоо, хууль, эрх зүйн үзэл баримтлалын үр дүнд бүрэлдэн тогтсон олон намын төлөөлөл бүхий парламент, Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх “гарааны зурхай”-гаас хийсэн анхны, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улиран сонгогдсоноос хойших хамгийн эхний, өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал гэдгээрээ хожмоо түүхэнд тэмдэглэгдэх нь гарцаагүй. Түүнчлэн энэ үеэр хэлэлцсэн асуудал, баталгаажуулсан баримт бичгүүдийн хүрээнд талууд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж чадваас иж бүрэн стратегийн хэмээх тодотголтой түншлэлийн дэсээ жинхэнэ утгаар нь өргөжүүлэн хөгжүүлж, харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах таатай хөрс болох нь дамжиггүй. Манай улс одоогоор БНХАУ, ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай бөгөөд хамгийн анх өмнөд хөрштэй энэ хэмжээнд түншлэлийн, хамтарсан тунхаглал баталсан юм.
Худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцаагаа бөхлөв
Өмнөд хөрш бол Монголын экспортын гол зах зээл, импортын нийлүүлэгч орон. Худалдаа, эдийн засгийн салбар дахь энэ хамтын ажиллагааны байр сууриа хоёр улс сүүлийн 20 гаруй жилийн турш тогтвортой, идэвхтэй хадгалж ирснийг судлаачид дүгнэдэг. Монгол, Хятадын худалдааны хэмжээ өнгөрсөн онд өмнөх жилийнхээс 30 гаруй хувиар өсөж, 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид худалдаа, эдийн засгийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд эл үзүүлэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд буй. Үүнийгээ ч талууд энэ удаагийн айлчлалтай зэрэгцэн эхэлсэн “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн үеэр албан ёсоор зарлалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн экспогийн нээлтэд оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба зам”, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай харилцан уялдуулж, “Чайна энержи”, CNPC (Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпорац) зэрэг үндэсний компаниудтай нүүрс болон эрчим хүч, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд хамтран ажиллаж байна. Цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, дэвшилт технологи, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх салбарт бүх улс орон, хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн.
Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрх зүйн орчин, хамтарсан засаглал бүхий улс төрийн бодлогын тогтвортой байдлыг бүрдүүлсэн. Бид дэлхийд дөрөвт эрэмбэлэгддэг, зэсийн гүний уурхайг “Рио тинто” компанитай хамтран ашиглалтад оруулсан нь цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм. Монгол Улсын эдийн засаг цар тахлаас хойш тогтмол өсөж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1000 ам.долларт хүрсэн нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн” хэмээгээд хоёр улсын худалдааны бараа эргэлтийн хувь хэмжээ тогтмол өсөж байгааг онцлон дурдсан.
“Хятадын олон улсын импортын экспо” нь цар хүрээ, зохион байгуулалтаараа өмнөд хөршид төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, томоохон арга хэмжээ юм. Долоо дахь удаагийн үзэсгэлэнд “Fortune global-500” жагсаалт (дэлхийд тэргүүлэгч компаниудын орлогын эрэмбэ)-д багтсан 300 орчим компани оролцсон нь үүнийг гэрчилнэ. Монгол Улс үүнд жил бүр тогтмол оролцож ирсэн ч энэ жил анх удаа Ерөнхий сайдын түвшинд, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр зорив. Ингээд зогсохгүй Засгийн газрын тэргүүн нь хүндэтгэлийн индэрт уригдлаа. Геополитикийн хувьд хамгийн адармаатай байршилд оршдог, далайд гарцгүй орны хувьд Монголын зах зээлийн гарц нь эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх явдал гэж үздэг. Харин ингэж хөгжүүлэхэд, Хятад төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхэд Шанхайн экспо үнэтэй хувь нэмэр оруулах юм. Өмнөд хөршийн “China daily” сонин импортын экспотой холбоотой нийтлэлдээ “Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын хувьд Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал индэр болж байна” хэмээн бичжээ.
Мега төслүүд хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа
Төрийн аливаа айлчлалын үр дүнг мөнгөн дүнгээр буюу шууд ашгийн үзүүлэлтээр хэмжих нь өрөөсгөл бөгөөд зохимжгүй. Харин талууд энэ үеэр ямар гэрээ, хэлэлцээр байгуулсан, стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг эхлүүлэх урьдач нөхцөл, санхүүжилтийг шийдвэрлэж чадсан, эсэх, хамтын ажиллагаагаа тодорхой салбаруудаар тэлсэн үү гэдгээс хамаараад үүнийг үнэлж дүгнэх боломжтой. Олон улсад ийм практик бий. Тэгвэл энэ удаагийн айлчлалаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, тохиролцоонд хүрлээ. Үүний үр дүнд хоёр улсын холбогдох сайд, дарга нар найман баримт бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон юм. Тодруулбал, “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийг санхүүжүүлэх зээлийн, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцаа холбоо, худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил, стандарт, хэмжил зүй, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичиг, протокол, захидал зэргийг дурдаж болно.
Эдгээрээс Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь монголчуудад “эчнээ танил”, хэрэгжүүлэх тухай яриад цөөнгүй жилийн нүүр үзсэн санаачилга бол бусдыг нь шинэ гэж хэлж болохуйц юм. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийнхөө хоёрынх нь ажлыг эхлүүлэх хөрсийг бэлдлээ. Тодруулбал, баруун аймгийнхныг импортын эрчим хүчний эх үүсвэрээс хараат бус болгох төсөлд шаардлагатай 253 сая ам.долларын санхүүжилтийг шийдлээ, хил дамнасан төмөр замын гүүрний барилгын ажлыг эхлүүлэх ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндсийг тавилаа. Ингэлээ гээд эдгээр төслийг торох бэрхшээлгүй хэрэгжүүлж, ард нь гарна гэж ойлгож болохгүй ч хамгийн түгээмэл тулгамддаг санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг нь шийдсэн учраас ажлыг нь хугацаа алдалгүй эхлүүлэх боломжтой юм. Мега төсөл хэрэгжүүлэхэд урт хугацааны төлөвлөлт, хүний нөөц, өндөр түвшний техник, тоног төхөөрөмжийн хангамжаас эхлээд олон суурь асуудлыг шийдэх шаардлагатай болдог тул Монголын талд ч анхаарах, хийх ажил бишгүй бий гэдгийг энд дурдахгүй өнгөрч боломгүй.
Засгийн газрын тэргүүний энэ удаагийн айлчлал цаг хугацааны хувьд эгзэгтэй үед таарсан. Ирэх оны төсвийн төслөөс үүдэлтэй маргаан мэтгэлцээн, эрчим хүчний реформ нэртэй үнэ нэмэх шийдвэрээс шалтгаалсан бухимдал, шүүмжлэл дотоодод “гал өрдсөн”, ороо бусгаа үед Ерөнхий сайд өмнөд хөршийг зорьсон юм. Гэсэн ч парламент, Засгийн газрын түвшинд нэгдмэл байдлаар ажиллаж байгаа гэх “имиж”-ийг олон улсад үзүүлж, үүнийхээ үр дүнд олон чухал хэлэлцээг хийж чадлаа. Энэ нь манай улсын гадаад бодлого, харилцаа залгамж чанараа хадгалан, тасралтгүй урагшилж, бие даасан, нээлттэй, идэвхтэй үргэлжилж байгааг дахин нотлон харуулав.
Дэд бүтцийн төслүүдээс туршлага судлав
Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн дунд зам, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой ажил цөөнгүй бий. Өдгөө олон нийтийн дунд хамгийн их яригдаж, шүүмжлэлийн бай болж буй нь Богдхан ууланд байгуулах нүхэн гарц (туннел)-ын болон ган татлагат гүүрний ажил юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, УИХ-ын зарим гишүүн айлчлалын сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын Жөжян мужийн Ханжөү хотод ажиллаж, ижил төстэй байгууламжуудын үйл ажиллагаатай танилцсан. Ширүүн урсгалтайгаараа алдартай Чяньтан мөрний дээгүүр авто болон төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан барьсан Пөнбү гүүр, Ханжөү хотын авто замын нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор байгуулсан Жызы нүхэн гарц нь хот төлөвлөлт, зам, замын байгууламжийн үлгэр жишээ ажилд тооцогддог юм байна. Эдгээрийг ашиглалтад оруулснаар тухайн бүс нутгийн авто замын ачаалал эрс буурч, нэвтрэх чадвар нь сайжран, тэр хэрээр худалдаа, эдийн засгийнх нь салбарт ахиц дэвшил гарчээ. Туул гол дээгүүр барих “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Богдхан уулын Хүрхрээгийн амнаас Номтын ам хүртэлх хэсэгт бий болгох нүхэн гарцыг эдгээрийн жишгээр өндөр түвшинд төлөвлөн байгуулах боломжтой, Хятад улс туршлагаасаа хуваалцан, хамтарч ажиллахад бэлэн гэдгийг холбогдох албан тушаалтнууд нь энэ үеэр хэлэв. Энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, “20 минутын хот” үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар хариуцаж, бэлтгэлийг нь хангаж байгаа аж. Тэднийг харсан үзсэн, судалж мэдсэн бүхнээ хөрсөн дээр хэрхэн биежүүлж буулгахад энэ айлчлал тодорхой түвшинд хувь нэмэр болох нь дамжиггүй.
Цахим шилжилт ба сорилт
Монгол Улсын Засгийн газар нийгэм, цаг үеийн хөгжил, хэрэгцээ шаардлагад тулгуурлан гурван гол шилжилтийг хийж, эдийн засгийн шинэ бүтэц бүрдүүлэхээр зорьж буй. Эхнийх нь цахим, хоёр дахь нь ногоон хөгжлийн, удаах нь хүний нөөцийн шилжилт юм. Энэ зорилтыг биелүүлэхэд мэдээж амаргүй, олон сорилт тулгарна. Шилжилт хийхдээ таатай хөрс суурь бэлдэхээс ажлаа эхлүүлнэ. Үүний тулд олон улсын чиг хандлага, өөрийн орны нөөц боломж, онцлогийг судалж тогтооно, тохиромжтой хувилбарыг сонгож нутагшуулна, бодлого, шийдвэрүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ. Харин энэ бүх замыг товчлох арга нь туршлагатай, шилдэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах билээ. Тэгвэл Хятадын “Алибаба групп”, “Хуавэй” зэрэг үндэстэн дамнасан компаниуд Засгийн газрын шилжилтийг эрчимжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. “Алибаба групп” компани гэхэд цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, платформд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтрах боломжтой гэв. Харин “Хуавэй” шинэ технологийн туршлагаас хуваалцах, ухаалаг хот байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийллээ. Үүний хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар талууд тохиролцсон. Нэн тэргүүнд нь уул уурхайн салбарт ухаалаг тээврийн систем нэвтрүүлэх, боомтын дижитал шилжилтийг эрчимжүүлэх ажлуудыг эрэмбэлж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор зарим улс төрч иргэний болон дэд бүтцийн мэдээллийн, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг дэвшүүлж байгаа. Энэ ч мөн дараагийн шатанд бидний анхаарах, тоолгүй орхиж боломгүй асуудал гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Товчхондоо дүгнэхэд, энэ удаагийн айлчлал ярих зүйл ихтэй, олон жил гацаанд байсан төслүүдийг мухарласан үр дүнтэй байж, шинэ салбаруудад хамтын ажиллагааны “индэр” босгож чадлаа.