“Хүний цаана”, “Цуурхал” зэрэг уран бүтээлүүдээрээ хэдийнээ үзэгчдийн танил болсон “Этик” продакшны гурав дахь уран бүтээл “Хэлгүй жим” кино болон бусад уран бүтээлүүдийн талаар тус продакшны захирал , жүжигчин А.Энхжинтэй ярилцлаа.
-“Этик” продакшны хувьд хэзээнээс үүсгэн байгуулагдсан бэ?
-Ер нь оюутан байхаасаа найзуудаараа хамтарч уран бүтээл хийнэ гэж ярьдаг байсан. Тэр ч утгаараа 2018 оны найман сард анх продакшнаа байгуулсан юм.
-Продакшны нэр сонирхолтой санагдлаа?
-Олон нэрний сонголт байсан л даа. Ер нь ёс зүйтэй, ёс суртахуунтай байдлыг эрхэмлэж “Этик” нэрэн дор захирагдаж явъя гэж шийдсэн.
-Бусад продакшнуудаас юугаараа онцлог вэ?
-Мэдээж олон продакшнууд байна. Бусад продакшнуудаас нэг их ялгарна гэхгүйгээр урдах уран бүтээлээ хийгээд явахыг боддог юм. Бүх л уран бүтээлчид ард түмэндээ чанартай сайн уран бүтээл үзүүлэхийг хичээдэг. Харин нэг онцлог нь бид үнэн бодит түүх, болсон явдлаас сэдэвлэсэн бүтээлүүд хийхийг зорьдог доо.
-Шинэ уран бүтээлийн хувьд ямар онцлогтой кино байна вэ?
-“Хэлгүй жим” гээд кино байгаа. Анх 2018 онд түүхтэй нь танилцаж, жил гаруйн хугацаанд зохиол болон судалгаан дээр ажилласан. Тус кинонд Хөвсгөл аймагт 1993 оны зургадугаар сарын 23-ны өдөр эх орныхоо төлөө амь насаа алдсан гурван хилчний тухай өгүүлнэ. Мөн хилчдийн түүхийг үзүүлэхээс гадна хилчид гэж ямар хүмүүс байдаг тухай харуулахыг зорьсон.
Тэр ч утгаараа киног маань 18-35 насны залуучууд илүү үзээсэй. Эх орон гэдэг ямар үнэ цэнээр олддог. Дөрвөн зүг найман зовхист хилээ хамгаалж байгаа нэргүй алдартнууд өнөөдөр юуны төлөө эх орноо хамгаалдаг талаар мэдээсэй гэж хүсэж байна.
-Кино хэдий хугацаанд хийгдсэн бэ?
-Хөвсгөл аймгийн Цагаан үүрт дугаар 0257 дугаар ангийн застав дээр хилчидтэйгээ хамт байрлаж хоёр сарын хугацаанд зураг авалтаа авсан.
-Хилчдийн ахуй соёл гээд мэдээж өөр зүйл байдаг байх?
-Хилчид гэхээр хүмүүс хилээ хамгаалдаг хүн гэж ойлгох хандлага элбэг байдаг. Гэтэл хил дээр жинхэнэ амьдрал буцалж байдаг. Ямар ч уур уцааргүй, амар тайван. Үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэнд бүх л зүйлийг эх орон гэж үздэг юм билээ. Мөн нэг ажиглагдсан зүйл нь цэргийн хүний хүндлэл гэж ямар зүйл байдаг тэр л журмаар хоорондоо харилцдаг. Харин цэрэг хувцсаа тайлаад ард хувцсаа өмсөхөөрөө бие биетэйгээ найзууд болдог нь сайхан санагдсан. Миний хувьд бол амралтаараа очихыг хүсдэг газрын нэг болсон.
-Кинонд тува хил орсон гэж дуулсан?
-Тиймээ. Киноны 30 хувь нь тува хэл дээр гарна. Бид киноныхоо үеэр Тувачуудын отгийг барьсан. Мөн кино натурлуугаа тува орчуулагчтай явсан. Хэл хугалах гээд байгаа юм шиг хэцүү хэл байна лээ.
-Уран бүтээлүүддээ мэргэжлийн хүмүүсээс хэр зөвлөгөө авдаг вэ?
-Мэдээж зөвлөгөө авалгүй яахав. Бүх л хийж байгаа кино уран бүтээлүүддээ мэргэжлийн хүмүүсээс нь зөвлөгөө авч хамтран ажилладаг. Тухайлбал, “Хэлгүй жим” уран бүтээлд хилийн цэргийн хурандаа Г.Загд болон Хөвсгөл аймгийн хошууч Н.Отгонжаргал гэсэн хоёр хүн зөвлөхөөр ажилласан.
-Тэгвэл эсэргээрээ анхны кино болох “Хүний цаана” уран бүтээл хэр шүүмжлэлд өртөв?
-Харьцангуй шүүмжлэлд өртөх нь бага байсан. Яахав зарим нэг залуусын хувьд бол шүүмжлэл байсан байх. Алдаа шүүмжлэлгүй уран бүтээл гэж байхгүй шүү дээ. Мэдээж ганц хоёр алдаа байсан. Гэхдээ зарим уран бүтээлийн алдаа нь оноо болох тохиолдол байдаг.
Жижиг, том зохиол гэлтгүй кино уран бүтээл хийхэд асар их зардал,
олон залуусын хүч хөдөлмөр ордог
-Таны хувьд хошин урлагийн жүжигчин байсан. Хошин урлагийн жүжигчин байж байгаад бие даасан продакшн байгуулахад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Ер нь багаасаа хошин урлагийн жүжигчин болно гэж боддог байсан. Тэр ч утгаараа хошин урлагтаа их хайртай. Шинэ үе продакшны ах эгч нараасаа их зүйлийг сурсан. Яахав хошин урлагийн жүжигчин байсан хүн гэнэт продакшн хариуцахад хамаг үүрэг хариуцлага толгой дээр ирдэг юм билээ. Нэгэнт найзуудтайгаа хамтраад, олон залуусыг уриалж эхэлсэн учир буцах аргагүй шүү дээ. Мэдээж хүмүүсээс янз бүрийн шүүмжлэл ирдэг. Ер нь би хүмүүсийн муулахыг нэг их тусгаж авдаггүй. Хүмүүс ярьсан яриагүй би хийх зүйлээ хийгээд л явна шүү дээ.
-Сүүлийн үед хошин урлаг нэг сэдвээ улиг болтол давтдаг нь анзаарагдсан. Соён гэгээрүүлэх болон үлгэрлэх зүйл бага боллоо гэсэн шүүмжлэл нилээдгүй ажиглагдаж байна?
-Үнэнийг хэлэхэд энэ талаар ярихад миний бяр дутах байх. Нөгөөтэйгүүр хошин урлаг бол том салбар. Хүнийг инээлгэнэ гэдэг их хэцүү шүү дээ. Сэдвийн хувьд бол юм бүр л давхцдаг. Харин нэг сэдвийг олон өнцгөөс нь харах нь чухал санагддаг юм.
-Богинохон хугацаанд чанаргүй уран бүтээлүүд хийгдэж байна гэсэн шүүмжлэлтэй санал нийлдэг үү?
-Богинохон хугацаанд хийж байгаа уран бүтээл чанаргүй гэдэгтэй санал нийлдэггүй. Бага хугацаанд ч чанартай уран бүтээл хийж болно шүү дээ. Энэ бол тухайн уран бүтээлчдээс л шалтгаална гэж боддог. Ер нь тэгээд жижиг, том зохиол гэлтгүй киног хийхэд асар олон зардал, залуусын хөлс хүч ордог гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
-Цаашид олон улсын кино наадмуудад киногоо өрсөлдүүлэх бодол бий юу?
-Байлгүй яахав. Бүх л уран бүтээлчдийн хүсдэг зүйл байх. Эхний ээлжид киногоо нээнэ. Бас удахгүй киногоо АНУ-д гаргахаар бэлтгэл явагдаж байна.
-Уран бүтээлч залуу хүний хувьд залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Би компьютерийн болон утасны цаанаас хүмүүсийг муулдаг хүмүүст үнэхээр дургүй. Юу ч хийдэггүй хүмүүс л хүнийг муулдаг. Юм хийгээд үзсэн хүн гэдэг хийж байгаа зүйлийнхээ зовлонг мэддэг учир хэзээ ч хүнийг муулдаггүй. Мэдээж шүүмжлэх зүйл байлгүй л яахав. Гэхдээ ямар нэгэн юм хийж байгаа, хийх гэж зорьж байгаа залуучуудын урмыг нь хугартал битгий муулаасай л гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.