Жүжигчин, продюсер Г.Ундармаа “Ю фильм” байгуулан, “Ганц бие бүсгүйчүүд” киноны гурван цувралыг үзэгчдэд хүргэсэн. 2013, 2015, 2018 онд олны хүртээл болгосон тус киноны үргэлжлэл “Ганц бие бүсгүйчүүд 4: Эхлэл бас төгсгөл” киног өнгөрсөн хоёрдугаар сараас кинотеатруудаар гаргах байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан. Харин ирэх аравдугаар сард нээлтийг нь хийхээр товложээ. 20, 30, 40 насны босго давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, харилцаа, нөхөрт гарах чин хүсэл болон нийгмийн хандлагыг хөгжилтэй, адал явдалтайгаар харуулсан дээрх киноны шинэ ангийн үйл явдал XIII зуунд өрнөх аж. Киноны зохиолыг яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин бичиж, Л.Бат-Амгалан найруулсан бол гол дүрүүдийг өмнөх гурван ангид тоглосон Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар дахин бүтээсэн байна.
Бэлтгэсэн: А.Хангай