Монгол орны алс хязгаар, Алтайн нурууны бэлд нэгэн бүсгүй хоёр хүүхэд, хадам эхтэйгээ амьдрах аж. Саахалт айлууд нь бүгд суурин бараадсан тул тэд хэдэн малаа даган ганц гэрээр аж төрнө. Хааяа нутгийн эр тэдний хар бор ажилд дэм болж, бүсгүйг “Ойролцоох суурин газар луу явж хамт амьдаръя” гэж шална. Гэвч хадам эх нь “Суурин газар дасаж чадахгүй” гэж хажиглах тул бүсгүйн хөл нь хөдөө, сэтгэл нь алсад байх ажээ.
“Чой Хайнзан фильм” продакшн дэлгэцийн анхны бүтээлээ “The woman” нэртэйгээр хүргэж байна. Уянгын төрлийн энэ кинонд бүсгүй, тэр тусмаа эх хүний сэтгэл юунд ч сөхөрдөггүйг харуулахыг зорьжээ. Киноны зохиолыг Б.Болдбаатар бичиж, Б.Отгонзориг найруулсан байна. “Шүүдэр дундуур”, “2000” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн найруулагч Б.Отгонзориг дахин монгол ахуй, хүний амьдралын мөн чанарыг үзүүлэхийг хичээсэн байв.
Алс бөглүү хөдөө нутагт өрх толгойлон амьдрах бүсгүй шувууны зураг дарж явахдаа хээр төөрсөн солонгос эртэй тааралдсанаар киноны үйл явдал өрнөх аж. Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Т.Борхүү, жүжигчин Ч.Ундрал, БНСУ-ын жүжигчин Ан Жэ Му нар тогложээ. Монголын үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж” байсан “Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Ханы дүрээр нь эчнээ мэдэх Ан Жэ Муг монгол ахуйд, үндэсний хувцастайгаар харах сонирхолтой байв. Азидаа шилдэгт тооцогддог жүжигчнийг кинондоо урьж тоглуулсан нь сайшаалтай. Малчин ахуйгаас хөндийрсөн шинэ үеийн монгол үзэгчид болон нүүдэлчин ахуйгаас бүр ч хол олон улсын үзэгч, шүүмжлэгчдийн ойлгон тусгах, хүлээж авах дүр нь солонгос эр байв. Хөдөөгийн буйдад ханхайх уулс, байгалийн өвөрмөц тогтоц, нам гүм амьдрал, монгол ахуйг гадаадын иргэн, хотын хүний нүдээр илрүүлэн үзэгчдэд таниулах нь тус киноны багийн зорилго байсан болов уу. Гэвч солонгос эр нүүдэлчин монгол ахуйгаар дамжуулан өөрийгөө нээн таних хөгжилтэй, сургамжтай, ухааралтай, сэтгэл догдлом адал явдал бус, малчин эмэгтэйн уйтгар гуниг, зовлонг л 83 минут үргэлжлэх киноны туршид үзүүлжээ. Харин киноны үйл явдал өрнөх орчин сонирхолтой, байгалийн зураглал үзэсгэлэнтэй, хийц чанар сайн, хөгжим нь чихэнд чимэгтэй байсныг дурдъя.
Бэлтгэсэн: А.Тайшир