Залуу найруулагч Б.Хосчимэгийг “Шинэ танил” буландаа урилаа. Дэлгэцийн урлагт дурлаж яваа бүсгүйтэй уран бүтээл, цаашдын зорилгынх нь талаар ярилцсан юм.
-Дэлгэцийн олон уран бүтээлийн арын албанд зүтгэж ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Урлагт, тэр дундаа кино урлагт хэзээнээс хорхойсов?
-2009 онд КУДС-ийн найруулагчийн ангид элссэн. Оюутан байхаасаа телевизийн нэвтрүүлгүүдэд ажиллан дадлага хийдэг байлаа. 2011 онд “Хүмүүн фильм” продакшны “Долоон бурхан харвадаггүй” түүхэн кинонд туслах найруулагчаар ажилласнаар гараагаа эхэлсэн.
-Манайд эмэгтэй найруулагч олон биш. Энэ мэргэжлээр суралцах амаргүй байсан уу?
-Ер нь кино урлаг эмэгтэй хүнд маш хатуу, хүнд мэргэжил гэж боддог. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас авхуулаад олон асуудал, бэрхшээлийг давах амаргүй санагддаг. Зураг авах явцад өвлийн хүйтэнд шөнөжин гадаа ажиллана. Олон хүн удирдаж, чиглүүлнэ. Гэвч дуртай зүйлээ хийхдээ аз жаргалтай байдаг болохоор бэрхшээл том санагдахгүй. Бэрхшээлийг давчихаад “Тэр үед хэцүү байж дээ” гэж ярьж суух нь сайхан.
-Гэр бүлд тань урлагийн мэргэжилтэй хүн бий юү. Хэр дэмждэг вэ?
-Байхгүй. Ээж минь багадаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэсэн. Намайг энэ мэргэжлийг сонгож, гараагаа эхлэхэд хамгийн их дэмжиж, тусалсан нь миний ээж. Ажлын ачааллаас шалтгаалаад цаг наргүй ажиллахад “Ажил, амралтаа зохицуул. Гэхдээ залуу хүн ядарна гэж юу байх вэ дээ. Одоо л ажилла. Хамт олонтой бай. Хүссэнээ хий. Чи чадна” гэж урамшуулдаг.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн уран бүтээлд ажилласан бэ?
-20 гаруй киноны найруулагчийн багт ажиллажээ.
-Сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчид Монголд кино бүтээж буй. Гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж үзэв үү. Тэднээс юу сурав?
-Гадаадын киноны багтай ажиллах маш сонирхолтой. Орос, Япон, Америк, Хятадын уран бүтээлчидтэй ажиллаж байсан. Тэднээс сурах ч юм бий. Цаг барихаас эхлээд зураг авах нарийн төлөвлөгөө гарган, түүнийхээ дагуу нягт ажилладгаас нь суралцаж, дадал болгомоор. Ажлын төлөвлөгөөгөө ямар мундаг гаргадаг гэж санана. Тэдэнд ч биднээс суралцах зүйл байдаг.
-Одоо ямар уран бүтээлд ажиллаж байгаа вэ. Ямар төрлийн уран бүтээл вэ?
-Одоогоор “Чононгоо фильм” продакшны “Хор” нэртэй триллер төрлийн кинонд ажиллаж байна. Үүнийг олон улсын наадамд зориулан бүтээж буй.
-Бие даан уран бүтээл хийж эхэлсэн үү. Ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Төлөвлөсөн. Гэхдээ хараахан эхлээгүй. Одоо кино зохиолоо л “нухаж” байна.
-Таны эмзэглэж явдаг сэдэв юү вэ. Хэзээ тэр сэдвээ уран бүтээлдээ тусгах бол?
-Эмзэглэдэг сэдэв өчнөөн бий. Гэхдээ түүнийг яаж харуулах, хэрхэн бусдад зөвөөр ойлгуулах нь чухал. Уран бүтээлдээ тусгана даа.
-Олон улсын кино наадамд оролцох бодол бий юү. Энэ талаар судалж байгаа юу. Залуу уран бүтээлчид энэ нь хэр боломжтой вэ?
-Байлгүй яах вэ. Гадаадын уран бүтээлчдэд бие даасан киногоо хүргэх нь залуу хүнд том боломж шүү дээ. Бидэнд ч боломж бий.
-Олонх найруулагч киноны зохиолоо өөрсдөө бичдэг болж. Кино зохиол бичдэг үү?
-Зохиолоо өөрөө бичих нь илүү сайхан санагддаг. Өмнө нь ажилласан кинонуудынхоо зохиолыг бичих, засахад оролцож, санал солилцсон. Ер нь тухайн уран бүтээлийг анхнаас нь, зохиолыг нь бичиж эхлэхээс авхуулаад ажиллах нь “амттай” санагддаг.
-Арилжааны биш, уран бүтээлчийнхээ чансааг сорьсон бүтээл хийхийг хүсдэг л биз дээ. Магадгүй арт хаус төрлийн, эсвэл богино хэмжээний кино хийхийг ч хүсдэг байх.
-Оюутан байхаасаа арт чиглэлийг сонирхсон. Курсийн ажлаа дандаа л тиймэрхүү төрлөөр, богино хэмжээний кино хийдэг байлаа. Бүх урлагийн сургуулийн дунд андерграунд төрлийн кино наадам зохиогоод л, их идэвхтэй байж. Одоо ч хэвээрээ. Түрүүн дурдсан, хийхээр төлөвлөж буй кино минь ч энэ төрлийнх. Ажилжааны биш, уран бүтээлчийн чансаа сорьсон бүтээл хийж, өөрөөсөө юу гарч болохыг харах сонирхолтой санагддаг. Хүссэнээрээ ажиллаж, “солиотой” кино найруулж чадвал гоё л байх.
-Үлгэр дуурайл авдаг найруулагч тань хэн бэ?
-Олон найруулагчтай хамтран ажиллаж байгаа би азтай. Тэдгээрээс найруулагч А.Мөнхсүх ахтай ажиллах дуртай. Маш их зүйл суралцдаг, хамтарч ажиллахад урамтай.
-Эмэгтэй найруулагчийн эрчүүдээс ялгарах давуу тал юу вэ?
-Би гадаадын эмэгтэй найруулагчдын кинонуудыг үзэх дуртай. Шинэлэг, дайчин, сонирхолтой санагддаг.
-Үргэлжлүүлэн сурах, гадаадад мэргэжил дээшлүүлэх бодол бий юү?
-Мэргэжил дээшлүүлэх бодол бий. Залуу хүн цаг алдалгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж боддог. Англи, Хятадын аль нэг рүү явж суралцах бодолтой.
-Эзэмшсэн мэргэжил нь таныг хэрхэн эергээр өөрчлөв?
-Өөрийгөө их азтай гэж боддог. Кинонд ажиллах бүртээ өөр өөр амьдрал, үйл явдалтай нүүр тулна. Өөр өөр дүртэй ажиллана. Тэр бүхнээс хүний амьдралын олон өнгө, орчин, хүмүүсийн зан араншин, үзэл бодлыг тунгаана, ойлгоно.
-Хамгийн том мөрөөдөл, зорилго тань юу вэ?
-Ойрын зорилго гэвэл бичиж буй зохиолоо дуусгаад, киноныхоо зургийг авч эхлэх. Харин мөрөөдөлд хязгаар үгүй. Өдөр бүр мөрөөдөж, тэр хэрээр цаг алдалгүй хөдөлмөрлөж байж түүнийхээ үр шимийг сайхнаар хүртэнэ гэж боддог.
Бэлтгэсэн: А.Тайшир