“Алтан өргөө” индепендент кино наадам найм дахь удаагаа болж өндөрлөлөө. 2013 оноос тасралтгүй зохион байгуулж буй тус наадам Монголын үзэгчдэд арт киног таниулах, гадаадын уран бүтээлчдээс урам зориг авч, хөгжих боломж олгох, кино урлагт шинэ давлагааг түүчээлэх зорилготой юм. Төв Азийн хамгийн том индепендент кино наадам хэмээгдэж буй “Алтан өргөө”-гийн шүүгчээр өнөө жил Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, найруулагч Н.Уранчимэг, Б.Ганболд, Л.Бат-Амгалан, А.Оюунзаяа, ХБНГУ-ын найруулагч Юлиан Радлмайер, Канадын найруулагч Алиси Тэлэнгүд, Нидерландын найруулагч Абүзар Амини нар ажилласан юм.
Энэ жилийн “Алтан өргөө”-г анх удаа цахимаар зохион байгуулсан бөгөөд наадмын үеэр АНУ, Казахстан, Япон, Канадын “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод”, “Уилкокс”, “Мариам”, “Эмэгтэйчүүд” зэрэг бүрэн хэмжээний шилдэг дөрвөн киног толилуулсан. Тус наадмын уралдаант хэсэгт 50 гаруй орны 500-гаад бүтээл ирүүлснээс гадаадын 30, Монголын 14-ийг нь шүүгчид дараагийн шатанд шалгаруулсан юм. Тэдгээрээс нийт дөрвөн төрөлд шилдгийг, мөн “Алтан өргөө” гран при шагналтныг шалгаруулав. Тодруулбал, эксперименталь шилдэг киногоор Сингапурын найруулагч Нельсон Йеогийн “Мэри, эсрэг тэсрэг Мэри”, Х.Анхбаярын “Ариутгалын ертөнц” тодорсон. Х.Анхбаяр энэ кинондоо хүн нас барсны дараах завсрын ертөнцийг хийсвэр төсөөлөл, уран сэтгэмжээрээ дүрслэхийг зорьжээ. Хүүхэлдэйн шилдэг киноны шагналыг Францын найруулагч Фредрик Эвон, Луиз Меркальегийн “Эгч дүүс” бүтээл хүртэв. Баримтат шилдэг киногоор Нидерландын найруулагч Марлен ван дер Верфийн “Цаг хугацаа ба түрлэг”, Г.Баттулгын “Тэтгэвэрт гарсан хүүхдүүд” кино шалгарав. “Тэтгэвэрт гарсан хүүхдүүд” кинонд 2018 оны өвөл Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Ханх сум хүртэл аялсан сноубоардын тамирчдын адал явдлыг өгүүлжээ. Шилдэг хүүрнэлт кино төрөлд Вьетнамын найруулагч Пам Тьен Ан “Сэргэг бай, бэлэн бай”, Г.Номин “Аз жаргал” бүтээлээрээ тэргүүлэв. Нэгэн ядуу хүү хичээлээ тараад харих замдаа сонирхолтой тоглоом байхыг харна. Хүү тэр тоглоомыг авахыг их хүссэн ч боломжгүй. Гэхдээ авахын тулд хичээж буй тухай “Аз жаргал”-д өгүүлсэн байна.
“Алтан өргөө” кино наадмын энэ жилийн хүндэт зочдоор Канадын найруулагч Атом Эгоян оролцож, өөрийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэн, мастер хичээл заасан юм. Тус наадмын гран при шагналыг өнгөрсөн жилээс Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн нэрэмжит болгосон бөгөөд үүнийг найруулагч Ц.Галсандорж, Д.Мөнхбаяр нар “Гүнзгий амьсгал” киногоороо гардлаа. Ивээн тэтгэгч “Синеплас” компаниас тэдэнд дараагийн уран бүтээлийнхээ зураг авахад шаардлагатай гэрэлтүүлгийн бүх техникийг ашиглах эрх олгов. Ц.Галсандорж, Д.Мөнхбаяр нар “Алтан өргөө” наадамд тэргүүлснээр АНУ-ын томоохон кино наадмуудын нэг болох Афины кино наадмын сонголтын хороонд эл бүтээлээ толилуулах эрхтэй болж буй юм. Хэрэв тус хорооны шалгаруулалтыг давбал Афины кино наадам, “Оскар”-т өрсөлдөх эрхтэй болох аж.