Африк гаралтай иргэдийн эрхийг хамгаалахын төлөөх олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа АНУ-ын Нью-Йорк хотод зургаан хоног дараалан болж, хөл хорих цаг тогтоосон ч шөнө дүл болтол үргэлжилсээр байна.
Миннеаполис хотод цагдаагийнхны гарт африк гаралтай америк Жорж Флойд амиа алдсанаа хойш шударга ёсыг сэргээхийг уриалсан тайван жагсаал Манхэттены төвийн дүүргүүдэд эхэлсэн юм. Эл үйл явдал өнгөт арьстнуудыг эрхийг хамгаалахыг уриалсан, тус улс даяар олныг хамарсан хөдөлгөөн болж хувирсан билээ.
Иргэдийг 20.00 цагт харьсан байхыг сануулсан мэдээлэл Нью-Йоркийн оршин суугчдын утсаар түгж, үдэш байдал эрс өөрчлөгдөж, төвийн бүх гудамжийг хааж, дэлгүүрүүд халдлагаас сэргийлж, цонхнууддаа модон хаалт хийсэн байв. Өмнөх өдрүүдэд дээрэм тонуул болсон дүүргүүдийг цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авсан аж. Хаалтаар нэн түрүүнд шаардлагатай ажилтнуудын машин, тухайн дүүргийн оршин суугч, эсвэл хэвлэл мэдээллийнхнийг л цагдаагийнхан нэвтрүүлж байв.
Гэсэн ч 20.00 цагт эсэргүүцлийн ажиллагаа зогсоогүй төдийгүй тарсан жагсагчид илүү түрэмгий болж, Манхэттенээс Бруклин рүү гүүрээр олонх нь явсан нь цагдаагийнхны хаалтыг даваагүй аж. “Биднийг нэвтрүүлээч. Цар тахлын үед та нар олон хүний хөл хорьж, бөөгнөрөхөд хүргэж байна” хэмээн нийгмийн сүлжээгээр хүмүүс дургүйцлээ илэрхийлжээ. Эцэст нь цагдаагийнхан тэднийг нэвтрүүлжээ. Жагсаал зохион байгуулагчид ч коронавирусийн халдвар тархахаас сэргийлж, амны хаалтаа зүүхийг хүмүүст байнга уриалж буй гэнэ. Энэ мэтээр үргэлжилсээр хэдэн зуун хүн шөнө төвийн гудамжуудаар холхиж, хогтой шуудайгаар эсвэл хогийн сав хөмрөх замаар цагдаагийн машинууд нэвтрэх замд хаалт хийсэн гэнэ. Жагсагчид цагдаагийнхан руу хашхирч, өнгөт арьстанд шударга бус хандсанд тэднийг буруушаасанд хэв журам сахиулагчид хүлээцтэй хандсан гэнэ. Гэсэн ч лхагва гарагт шилжих шөнө 40 орчим хүн баривчилсан гэнэ. Өмнөх шөнө нь дэлгүүрүүдэд халдлага үйлдэх үеэр 700 хүн саатуулжээ.
ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫН ҮЕЭР 11 ХҮН АМИА АЛДАВ
Тэгвэл Чикаго, Детройт, Омаха, Давенпорт, Окленд, Луисвилл хотод болсон эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдлын үеэр 11 хүн амиа алдсан тухай KTLA телевизээр мэдээлжээ. Тэдний олонх нь африк гаралтай иргэд байсан гэнэ. Окленд хотод аюулгүй байдлын албаны ажилтан, 53 настай өнгөт арьстан Дэйв Патрик Андервуд буудуулж, амиа алдсан бол түүний хамтрагч хүнд гэмтсэн байна. Омаха хотод 22 настай өнгөт арьстан Жеймс Скарлок цагаан арьстан эрэгтэйг бүлэглэн зодож байхдаа амиа алджээ. Цагаан арьстан эрэгтэй зодуулж байхдаа гал нээсэн гэнэ. Мөн тус улсын янз бүрийн хотод жагсагчдыг тараах үеэр хэдэн зуун хүн гэмтжээ.
“Associated press” агентлагийн мэдээлснээр сүүлийн хэдэн өдөр АНУ-д болж буй эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдлын үеэр 9300 орчим хүн баривчилжээ. Тэднийг дээрэм тонуул хийсэн, хөл хорих дэглэм зөрчсөн, зам хаасан хэрэгт буруутгасан байна.
Эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулсан АНУ-ын Вашингтон, Лос-Анжелес, Нью-Йорк зэрэг 40 орчим хотод хөл хорих цаг тогтоосон билээ.
ВАШИНГТОН РУУ 1600 ЦЭРЭГ ТАТЖЭЭ
Байдал түгшүүртэй болсонтой холбоотойгоор Пентагон 1600 цэргээ нийслэл Вашингтон хот руу татжээ. Тэднийг тус хот орчмын цэргийн баазуудад байрлуулсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдсэн байна.
ОХУ-ЫН ГХЯ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА
Вашингтонд ОХУ-ын “Sputnik” агентлагийн сэтгүүлч Николь Руссел хэвлэлийн төлөөлөгчийн тэмдэгтэй явсан, сурвалжлагч гэдгээ хэлсээр атал цагдаагийнхан резинэн сумаар буудаж, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байж боломгүй үйлдэл гаргасан талаар нэн даруй арга хэмжээ авахыг АНУ-ын эрх баригчдаас Оросын ГХЯ шаардсан байна. Халдлагын улмаас сэтгүүлч эмэгтэй багагүй гэмтжээ.