Хятадын шинэ хууль хэрэгжсэнээр улс төрийн эрх нь зөрчигдвөл Хонконгийн гурван сая оршин суугч Британийн иргэн болох хүсэлтээ гаргаж болно гэж тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар тус бүс нутгийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулахыг дэмжсэн бөгөөд үүнд Хонконгийн нутаг дэвсгэр дэх эрх баригчдад нь халдсан гэж Бээжин үзвэл эрүүгийн хариуцлага тооцохоор тусгах аж. Уг хууль ирэх наймдугаар сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж магадгүй.
ТҮҮХЭН ХОЛБОО
Ийм алхмыг Британи зүгээр хараад суух ёсгүй гэж Доминик Рааб мэдэгджээ. Лондон 1997 онд Хонконгийг БНХАУ-д онцгой нөхцөлтэйгөөр шилжүүлсэн юм. Британийн хуучин колонийн оршин суугчид эх газарт байхгүй эрх чөлөөг эдэлдэг. Үүнийг Үндсэн хуультай адилтгах хуульд нь тусгасан байдаг. Аюулгүй байдлын тухай шинэ хууль иргэний эрхийг нь зөрчиж болзошгүй хэмээн хонконгчууд болгоомжилж буй учраас олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа хэдийн эхэлжээ.
ХОВОРХОН ЭВ НЭГДЭЛ
Эрх баригч хоёр намыг төлөөлдөг, Нэгдсэн Вант Улсын Гадаад хэргийн сайд асан долоон хүн Ерөнхий сайд Борис Жонсонд хандаж, Хонконгийн эсрэг чиглэсэн БНХАУ-ын үйлдлийн хариуд зохион байгуулалттай арга хэмжээ авах олон улсын эвсэл байгуулахыг уриалсан аж. Жереми Хант, Дэвид
Милибэнд, Жек Стро, Уильям Хейг, Малькольм Рифкинд, Маргарет Бекетт нар Бээжингийн үйлдлийг 1997 оны хэлэлцээрийг ноцтойгоор зөрчсөн хэрэг хэмээн үзэж байна. Хонконгчуудын хувь заяаны төлөө тодорхой хариуцлага хүлээдгийн сацуу түншүүд нь уг асуудлаар Британийг баримжаалдаг учраас дэлхийн хамтын нийгэмлэгийг Лондон тэргүүлэх ёстой гэж тэд үзэж буй аж. Хуучин Югославын асуудлаар 1994 онд байгуулсан шиг Хонконгийн асуудлаар холбоо барих бүлэг байгуулахыг холбоотнууддаа санал болгохыг Борис Жонсонд тэдгээр улстөрч уриалжээ.
Үүний хариуд ГХЯ-ны төлөөлөгч нь мэдэгдэл хийхдээ Британийн Засгийн газар уг асуудлаар өрнөдийнхөн байр сууриа зөвшилцөх үйл явцад тэргүүлэх үүрэг хэдийн гүйцэтгэж буйг тэмдэглэсэн байна.
ИРГЭНИЙ ХАРЬЯАТ БОЛОХ ЗАМ
Д.Рааб ВВС-д ярилцлага өгөхдөө Бээжингээс санал болгосон аюулгүй байдлын тухай хууль Хонконгийн өөртөө засах эрхийг илэрхий зөрчиж буйг хүлээн зөвшөөрчээ. Британийн гадаад паспорттой Хонконгийн оршин суугчид сунгах боломжтойгоор Нэгдсэн Вант Улсад нэг жил сурч, ажиллаж болохыг тэрбээр мэдээлсэн байна. Энэ нь цаашдаа тэдний хувьд Британийн харьяат болох замыг нээх гэнэ. Өнөөг хүртэл гадаад паспорт эзэмшигчид нь Британид визгүй хагас жил зорчих боломжтой ч ажиллах эрхгүй байжээ. Хонконгийн 7.45 сая оршин суугчийн гурван сая нь тийм паспорттой аж.
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАЛ ХУВЬ НЬ ДЭМЖЖЭЭ
Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжсэн өргөх бичигт БНХАУ-ын засаг захиргааны тус онцгой бүсийн 2.93 сая орчим оршин суугч гарын үсэг зуржээ. Гарын үсэг цуглуулах кампанит ажил найм хоног үргэлжилсэн бөгөөд зохион байгуулагчид нь өргөх бичгээ Хонконгийн засаг захиргааны Зохицуулах товчооны дарга Ло Хуининд өгсөн байна. Уг баримт бичиг Хонконгийн оршин суугчдын хүсэл эрмэлзэлд нийцсэнийг өргөх бичигт гарын үсгээ зурсан хүмүүсийн тоо бүрэн илэрхийлснийг тэрбээр мэдэгджээ. “Уг баримт бичиг хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хонконгийн оршин суугчид үг хэлэх, хэвлэн мэдээлэх, цуглаан хийх эрх чөлөөгөө алдаж, хилийн чанад руу аялж, гадаадын иргэдтэй оройн хоол идсэн тохиолдолд баривчлагдана” гэх цуурхал тархаж буйг Ло Хуинин тэмдэглээд, ийм заль мэхэнд автахгүй байж, улс төрийн хуйвалдааныг эсэргүүцэхийг оршин суугчдадаа уриалжээ.
ТЯНЬАНЬМЭНИЙ ТАЛБАЙД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ДУРСАХЫГ ХОРИГЛОВ
Бээжингийн Тяньаньмэнь талбайд 1989 оны зургадугаар сарын 4-нд ардчиллыг дэмжигчдийн цуглааныг цэргийн хүчээр тараах үеэр амиа алдсан хүмүүсийг дурсах, олныг хамарсан арга хэмжээ явуулахыг Хятадын төв Засгийн газраас томилсон Хонконгийн засаг захиргаа анх удаа хориглолоо. Үүнд жил бүр Хонконгийн олон мянган оршин суугч оролцдог юм. Энэ удаа цар тахалтай холбоотойгоор хориглосныг Хонконгийн хүний эрхийн төлөө тэмцэгчид байнгынх болно хэмээн болгоомжилж байна. Эх газрын Хятадад эл үйл явдлыг олны өмнө дурсахыг ч хориглодог.