БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин удахгүй пуужин тээгч шумбагч хөлөг онгоцтой болж магадгүй гэх мэдээллийг БНСУ-ын тагнуулчид шалгаж буйг “Yonhap” агентлаг мэдээллээ. Атомын бус пуужин тээгч хөлөг онгоцоо Умард Солонгосын зүүн эргийн Синпо хотын цэргийн үйлдвэртээ бүтээж эхэлсэн аж. Энэ нь дунд тусгалын баллистик “Pukguksong-3” пуужин гурвыг суурилуулсан, 3000 тоннын усан түрцтэй шумбагч гэнэ. Эл пуужингийн анхны туршилтыг өнгөрсөн оны аравдугаар сард хийхэд 910 км өндөрт хөөрч, 450 км зам туулжээ.
Шинэ шумбагч тус улсын стратегийн хүчний бүрэлдэхүүнд багтах нь. Тус хүчний бүрэлдэхүүнд бөмбөгдөгч онгоц, цөмийн цэнэгт хошуутай пуужин бий.
БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд пуужин тээгч шумбагч хөлөг онгоц орох гэж байгаа нь өнгөрсөн оны эцсээр Пёньян “Умард Солонгос удахгүй стратегийн шинэ зэвсгээ харуулж магадгүй” гэсэн мэдэгдэлтэй холбоотой гэж “Yonhap” үзжээ. Одоо уг хүчний бүрэлдэхүүнд хуучин загварын шумбагч 70 хөлөг онгоц бий. Тэдгээр нь тус улсын нутаг дэвсгэрт харьяалагдах усан хил давж, ажиллагаа явуулах боломжгүй гэж Өмнөд Солонгосын тагнуулчид дүгнэсэн байна.