Исламын шашинтнуудын баяртай холбоотойгоор гурав хоног гал зогсоохоо “Талибан” хөдөлгөөн өнгөрөгч бямба гарагт зарласанд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани баяр хүргэж, эл дэглэмийг дэмжихийг улсынхаа аюулаас хамгаалах хүчнийхэнд үүрэг болгожээ. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан ийн мэдэгдсэн байна.
Урьд нь “Tolo news” телевизээр талибуудын мэдээлснээс үзвэл тэд гурав хоног гал зогсоох ч байрлал руу нь халдвал хариу өгөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Катарын нийслэл Дохад АНУ, талибууд хоорондоо энхийн хэлэлцээр байгуулсан билээ. Эл баримт бичигт дурдсанаар Афганистан хоорондын хэлэлцээ өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд эхлэх ёстой байсан. Харилцан итгэлцлээ бэхжүүлэхийн тулд “Талибан” хөдөлгөөний 5000, тус хөдөлгөөнийхөнд олзлогдсон 1000 орчим хүнийг уг хэлэлцээ эхлэх үед сулласан байх ёстой. Гэвч эдгээр заалт хэрэгжээгүй байна. Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхний мэдээлснээр “Талибан” хөдөлгөөний талынхан АНУ-тай хэлэлцээр байгуулснаасаа хойш 2800 гаруй удаа халдлага үйлджээ. Энэ сарын 12-нд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани улсынхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй террорист бүлэглэлүүдийн босогчдын эсрэг тэмцэх тушаалыг хүчнийхэндээ өгсөн билээ.
Талибууд түр гал зогсоохоор шийдсэнд АНУ-ын эрх баригчид мөн баяр хүргээд урьд нь байгуулсан хоёр талын хэлэлцээрээ үргэлжлүүлэн биелүүлэхийг тэдэнд уриалсныг Афганистаны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. “Үлдсэн хоригдлуудаа хоёр тал хэлэлцээрт заасны дагуу нэн даруй суллаж, хүчирхийллээс татгалзан, Афганистаны хоорондын хэлэлцээгээ эхлүүлэх хугацааг тохиролцох зэрэг нааштай бусад алхмыг нэн даруй хийх хэрэгтэй байна” гэж тэрбээр бичсэн байна.
Гал зогсоох тухай шийдвэр гаргасанд Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ч баяр хүргэсэн байна. “Исламын шашны ариун сартай холбоотойгоор гурав хоног гал зогсоох хугацаанд Афганистаны ард түмний тус тулд энх тайван байдал тогтоох боломжийг ашиглах нь зүйтэй” гэж тэрбээр твиттертээ бичжээ.