Владислав Листьев
Владислав Листьев 1995 оны гуравдугаар сарын 1-ний шөнө Москва хотын Новокузнецийн гудамжинд байх байрныхаа орцонд хөлсний алуурчдын суманд өртөж амиа алдсан юм. Энэ аллага илт захиалгын, уг захиалгад хамаарах хүмүүсийн олонх нь аллагаас хойш хоёр хүртэлх жилийн хугацаанд тогтоогдсон ч эмгэнэлт явдлын буруутан нь өнөө хүртэл ял аваагүй, шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Эрэн хайх болон мөрдөн шалгах ажил олон жил үргэлжлэх явцад мөрдөн байцаагчид нь хэд хэд солигдсон, энэ хэргийн талаар хангалттай мэдээлэлтэй байсан ерөнхий прокурор Ю.Скуратов огцорсон. Ингээд 15 жил өнгөрөхөд Листьевийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлыг зогсоож, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсний улмаас хэргийн материалыг архивт шилжүүлээд байсныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр өнгөрсөн онд сэргээн шалгаж байна.
Хэргийг илрүүлэхэд ихэд ойртсон гурав дахь мөрдөн байцаагч Петр Трибой, тухайн үеийн ерөнхий прокурор Ю.Скуратов нар Листьевийн амийг хөнөөгч, захиалагч нарыг 1990-ээд онд тогтоочихсон гэж нэгэн дуугаар хэлж байсан байдаг. Тэдний үзсэнээр аллагыг захиалагч нь одоо Сенатын гишүүн, Курган мужийн Думээс Холбооны зөвлөлийн гишүүнээр сонгогдоод буй, тэр үед зар сурталчилгааны “Премьер-СВ” фирмийн захирал байсан Сергей Лисовский байсан юм. 1990-ээд онд түүний хийдэг гол ажил нь телевизийн I сувгийн эфирийн цагийг зар сурталчилгаанд дамлан худалдах явдал байсан аж. Аллага болох үед I сувгийн эфирийн цагийг В.Листьевийн тэргүүлдэг “ИнтерВид”, Лисовскийн “Премьер-СВ”, Глеб Бокийн БСГ фирм гурав хоорондоо тэнцүүхэн хуваан ашигладаг байв.
Листьевийг алахаас өмнөхөн машинд бөмбөг дэлбэлж Глеб Бокийг хөнөөснөөр I сувгийн зар сурталчилгааны цагийн 70 хувийг “Премьер-СВ” эзлэх болж, БСГ-д оногдож байсан хугацаа Сергей Лисовскийд шилжсэн байна. Тэгж байтал улс орондоо хамгийн нэрд гарсан мэдээллийн талбар “хорголоо тоолж” амь зууж буй нь Листьевийн эгдүүг хүргэж, телевизүүдийг хэзээнээс зохих ёсоор санхүүжүүлэх, продюсерууд нь нэвтрүүлэг хийх, ажилтнуудаа цалинжуулах мөнгө хайхаа хэзээ больж, уран бүтээлээ хийх юм бэ гэсэн асуултыг өөрийн сувгаар Борис Ельцинд хандан тавьжээ. Чухам энэ үед Листьевийн амийг захиалгаар хөнөөхөд оролцсон гэх хүмүүсийн дотор Борис Берёзовскийн нэр ороод ирэв. Улсын нэгдүгээр хүнд ойр байдгаа ашиглан телевизийн I сувгийг хувьчилж, тэн хагасыг нь төрийн, нөгөө хагасыг нь хувийн болгох хэрэгтэйг Ерөнхийлөгч Ельцинд энэ хүн итгүүлж чадах байлаа. Ингэвэл теле сувгийн хөгжилд хувийн хөрөнгийг татаж, суртал нэвтрүүлгийн гол зэвсэг байлгах ач холбогдолтой байв. Энэ саналыг Ельцин зөв юм гэж үзсэнээс 1995 оны эцсээр Листьев Оросын хэмжээнд телевизийн тэргүүлэх хөтлөгч, өөрчлөн байгуулалтын дараах үеийн I сувгийн бүх хөтөлбөрийн продюсер төдийгүй ерөнхий захирал нь боллоо.
Ийнхүү телевизийн корпорацаа хөгжүүлэх, тасралтгүй мэдээллээр хангах үндсэн хариуцлага Влад Листьевийн толгой дээр ирэх нь тэр. Юуны урьд тухайн үед 70 хувь нь Сергей Лисовскийн мэдэлд орчихоод байсан зар сурталчилгаанаас орж ирэх санхүүгийн урсгалын учрыг олох нь тэргүүн зэргийн зорилт болов. Эфирийн цагийг худалдах нь тэр эгзэгтэй, ээдрээтэй цаг үед гойд эмх цэгцгүй, хяналтгүй байсан тул Листьев өөрийнх нь хувьд зоригтой мөртлөө хачирхалтай шийдвэр гаргаж, зар сурталчилгааг дэлгэцээр үзэгчдэд хүргэх тодорхой бүтэц бий болгох зорилгоор түүнийг I сувгаар гаргахыг дөрвөн сар хориглохоор зарлажээ. Листьевийн энэ шийдвэр Лисовскийд төвөг учруулаад зогсохгүй ихээхэн зээлтэй байсан түүний асар их ашигтай бизнесийг нь үрэн таран болгож орхисон байна. Түүгээр ч барахгүй 1990-ээд онд айлган сүрдүүлэх гэмт хэрэг Орост цэцэглэж байсан бөгөөд Лисовскийн фирм зохион байгуулалттай гэмт бүлэглэлд сар бүр чамлахааргүй мөнгө төлдөг, төлөхгүй бол Лисовскийн амь нас аюулд учрах дээр тулдаг байжээ.
Листьевийн үхлийн шууд захиалагч нь олигархи Берёзовский гэх таамаглал Скуратов, Трибой нарт эхнээсээ байсан атал олон удаагийн шалгалт үүнийг нотолсонгүй. Тэгээд Берёзовский уг гэмт хэрэгт шууд бусаар оролцжээ гэж мөрдөн байцаагчид дүгнэв.
Листьевийн гэргий Альбина Назимовагийн гэрчилснээр Владыг хамгаалахыг хүсэж түүнийг алуулахаас хэдхэн хоногийн өмнө Скуратов, Трибой нар Берёзовскийд ханджээ. Учир нь Листьевийг заналхийлж, муу юм болох гээд байгааг мэдэрч, магадгүй захиалга өгсөн талаар мэдээлэл сонссон ч байж магад, тэгээд болиулахыг Берёзовскийгоос хүссэн байна. Гэвч мань олигархи үүнд хөндлөнгөөс оролцолгүй бүх юмыг байгаа чигээр нь орхихоор шийдэв. Уг нь Листьев түүний ивээлд байсан ч I сувгийн ерөнхий захирал болоод Берёзовскийн гарын утсан хүүхэлдэй болохыг хүсээгүй аж. Тиймээс Борис Берёзовски түүнийг сонирхохоо байж, хамгаалагч нь болохыг хайхарч үзсэнгүй. Лисовскийн ард хэн байгааг нь мэдэж байснаас чухам ингэж хандахад хүрсэн ч байж болох.
Влад Листьевийн үхлийг захиалахад Сергей Лисовский шууд хамааралтай тухайд К.Эрнст сэтгүүлч Е.Левковичтой хийсэн шуугиан тарьсан ярилцлагадаа хөндсөн юм. Тэрбээр “Листьевийг алах захиалгыг Лисовксий өгсөн гэдэгт эргэлздэггүй. Харамсалтай нь, ийм олон жил өнгөрсний дараа үүнийг нотлоход төвөгтэй” гэж хэлсэн байдаг.
Влад Листьев “Взгляд”, “Тема” хөтөлбөрүүдээрээ улс төрийн эмзэг асуудлуудыг олны сонорт хүргэж байсан болохоор еврей нар хийгээд тэдний эсрэг үзэлтнүүд түүний аллагыг захиалсан юм биш биз гэх асуудлыг мөрдөн байцаагч нар шалгах шаардлагатай байсан нь нууц биш билээ.
Скуратов, Трибойн баг Листьевийн үхэлд Сергей Лисовский оролцоотой байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрч, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт хангалттай цуглуулж, биечлэн гүйцэтгэгчдийн амьдардаг газрыг нь тодорхойлж, гэмт хэргийн мөр Лисовскийн араас хөвөрч буйг мөрдөн шалгаж байхад уг ажиллагааг зогсоох шийдвэр дээрээс очсон байна. Эхлээд мөрдөн байцаагч, удалгүй прокурорыг уг хэргээс хөндийрүүлж, аллага үйлдэгч ах, дүү хоёр Агейкин ч учир битүүлгээр амиа алдсан аж.
Листьевийн хэргийг илрүүлэх ажлаас хөндийрч, огцорсныхоо дараа ерөнхий прокурор байсан Юрий Скуратов ном бичиж, оньсого шиг явдлын нууцыг тайлахад ихэд ойртсон таамаглалынхаа талаар болон хэргийг илрүүлдгийн даваан дээр мөрдөхийг хориглосон тухай түүндээ өгүүлсэн юм. Скуратов, Трибой нарын үзэж байснаар Влад Листьев байгалиас заяасан авьяас, мэргэжлийн өндөр чадварынхаа хүчээр 1990-ээд оны Оросын олон түмний хамгийн хайртай, чадалтай сэтгүүлч болж байжээ. Тэрбээр шууд нэвтрүүлгийн хаан, түүний үгэнд бүгд итгэдэг, бэлтгэсэн хөтөлбөрүүд бослого тэмцэл өдөөж, намжааж ч чадах, олон нийтийн санаа бодлыг эргэлзээгүйгээр жолоодох увдистай байв. Зөвлөлтийн телевизийн гол суваг уйтгартай байдлаасаа салж одоогийн ОРТ-ийн эхлэл болж байлаа. Өөрчлөн байгуулалтаас хойш сэтгүүл зүй цэцэглэж, харин телевизүүдийн санхүүгийн байдал нь хүндэрч байсан юм. Чухам энэ үеэс телевизээр зар сурталчилгаа анх цацаж, түүний төлбөр мөнгө нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сейфнээс “Останкино” руу ямар нэг бичиг баримтгүйгээр урсаж байлаа. Нэгдүгээр сувгийн эфирийн цаг гурван эзэмшигчтэй байхад мөнгө нь Листьевийн гарт орж ирдэг байсан бол хоёр эзэнтэй болсноор Лисовский руу урсах болсон байна. Ийнхүү эфирийн цагийн төлөө жинхэнэ дайн эхэлснээр орлогын өчүүхэн хэсэг нь телевизийн сувагтаа үлдэж, дийлэнх нь Лисовскийн фирмээр дамжин цааш алга болдог болжээ. Энэ дайнд хамгийн овжин зальтай оролцсон нь Берёзовскийгоос өөр хэн ч биш. Тэрбээр I сувгийг төр, “ЛогоВаз” (Берёзовскийн компани) хоёрт тэнцүү хуваан хувьчлах шийдвэрт гарын үсэг зурахыг Ельцинд ятгаж чадсан юм. Тэгэхдээ ОРТ-ийн захирлаар авьяаслаг, нэр хүндтэй менежер Владислав Листьевийг томилохыг санал болгосон байдаг.
Ельцин ч гарын үсгээ зурж, сувгаа хөгжүүлэх гол мөнгө хөрөнгийг зар, сурталчилгаа өгөгчдөөс олохоос өөр сонголт Листьевт үлдсэнгүй. Ийм нөхцөлд төр нь хөрөнгө оруулагч биш, орлогоос нь хүртэгч болж орхив. 1995 онд I сувгаар зар сурталчилгаа цацах эрэлт асар их байлаа. Листьевийн хувьд менежерийн цорын ганц зөв шийдэл нь бүхнийг өөрийн биеэр гардан хянах явдал гэж үзэж байв. Тэгээд л зар сурталчилгааг дөрвөн сар зогсоосныг зарлаж, энэ шийдвэр 1995 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих байжээ. Уг шийдвэрийг Лисовскийд дуулгамагц Листьевийг заналхийлж эхэлсэн байна. Листьевтэй тохиролцох боломжгүй, түүнийг айлгаж бүр ч чадахгүйг Лисовский ойлгож байв. Гэтэл зар сурталчилгаанаас олох ёстой мөнгөө алдах нь Лисовскийд үхэлтэй дүйцэм санагдана.
Чухам энэ үед санаанд нийцэхгүй сэтгүүлчид, нийгмийн зүтгэлтнүүдийг ар араас нь устгаж, захиалгат аллага нийтийг хамрах шинжтэй болсноос Листьев амь насныхаа төлөө санаа тавьж эхэлжээ. Тэгээд аюулгүй байдлаа хамгаалах ажил нь тун сайнгүй байгааг найз нөхөд хийгээд төрөл садангийнхандаа ярьж, алуулахаасаа хэдхэн хоногийн өмнө Берёзовскийтой уулзаж, өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахыг хүсэхээр “ЛогоВаз”- ын оффист гэргийн хамт очсон аж. Тэгэхэд Берёзовский ямар бодолтой болчихоод байсныг дээр өгүүлсэн. Тэрбээр Листьевийг одоо өөртөө хэрэггүй гэж үзэх болсон бөгөөд түүнд туслаагүй нь гарцаагүй алуулахад хүргэсэн юм. Түүнийг алуулдаг 1995 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Берёзовский Лондон руу нисчихсэн байна.
Олон түмний хайр хүндэтгэл, нэр цуу нь Листьевийг хоёр сумнаас хамгаалж чадсангүй. Эхний сум мөрийг нь онож, хоёр дахь нь шанаанд нь туссан юм. Мөнгө, эрх мэдлийн төлөө ичгүүр сонжуургүй захиалгат аллага Листьевийн үхэлтэй хамт орос хүн бүрийн гэрт ороод ирэх нь тэр. Хүний амь улаан мөнгөний үнэгүй болсон нь илт боллоо.
Ерөнхийлөгч Ельцин домог болсон сэтгүүлчээ хамгаалж чадаагүйдээ телевизээр уучлалт хүсэж, хэргийг мөрдөн шалгах ажиллагааг өөрийн хяналтад авахаа мэдэгдэв. Гэхдээ тэр даруйдаа биш нэг жилийн дараа мэргэжлийн комисс байгуулж, түүнийг Скуратов, Трибой нар удирдав. Владислав Листьев I сувгийн захирал болоод хийсэн ажил нь, тодруулбал зар сурталчилгаанаас олж байсан орлогод үзүүлэх нөлөөллийн хүрээ нь амь насаа алдах үндсэн шалтгаан болсон нь энэ комисст тодорхой болсон байна. Хамгийн магадлалтай захиалагч нь Сергей Лисовский, гүйцэтгэгч нь Питерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, ах, дүү Агейкин хоёр. Листьевийг устгах шийдвэрийг Лисовский ганцаар бие даан гаргаагүй, түүний ард Питерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогчид, тэдний ард бас хэн нэгэн байсан нь эргэлзээгүй. Хэргийн талаар цуглуулсан материалд нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байсаар атал Сергей Лисовскийд хариуцлага хүлээлгэхийг дээрээс өгсөн шийдвэрээр зөвшөөрөөгүй гэдэг.
Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Ельциний биечлэн тавих хяналт түүнийг суудлаа өгтөл үргэлжилсэн байна. ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.Путин энэ хэргийг сэргээн шалгах зарлиг гаргажээ. Уг нь Листьевийг хөнөөсөн хэргийн талаар бүрдүүлсэн 200 боть материалыг архивт шилжүүлчихсэн байсан аж.
Энэ материалыг бэлтгэхдээ 2016 оны баримтад тулгуурлав.
Бэлтгэсэн: Р.Жаргалант