1907 онд Австрийн алдарт зураач Густав Климтийн зурсан “Алтан Адель” уран зургийн түүх тун ихийг өгүүлдэг. Ташрамд дурдахад, “I Адель Блох-Бауэрын хөрөг”, “Австрийн Мона Лиза” ч гэж нэрлэдэг уг бүтээл 2006 онд уран зургийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоож, 135 сая ам.доллароор зарагдсанаар Америкийн бизнесмен Рональд Лаудерийн эзэмшилд очиж, Нью-Йоркийн шинэ галерейд хадгалагдах болсон юм. Түүнчлэн “Алтан Адель”-иас сэдэвлэн 2015 онд Британид “Woman in gold” кино гарч нэлээд орлого олсон.
Уг хөрөг бол Венийн банкны холбооны ерөнхий захирал Мориц Бауэрын охин Адель Блох-Бауэр (1881-1925)-ынх бөгөөд тухайн үед бүсгүй 26 настай байжээ. Тэрбээр 1899 онд 18 настайдаа өөрөөсөө нэлээд ахимаг Фердинанд
Блохтой гэрлэсэн аж. Үүний өмнөхөн түүний эгч Тереза нь Фердинанд Блохын дүү Густав Блохтой гэрлэсэн байдаг. Тиймээс эгч, дүү хоёул Блох-Бауэр хэмээх овогтой болсон байна. Блохын гэр бүл бол еврей гаралтай, маш чинээлэг давхаргынх. Фердинанд, Адель хоёр уран зураг цуглуулахын зэрэгцээ улс төрийн сэдвээр бичдэг, ижил сонирхолтой гэр бүл байжээ.
Блох-Бауэрынхан олон зураачийг дэмжин, хамтран ажилладаг байсны нэг нь Густав Климт юм. 1899 оноос тэдний нөхөрлөл эхэлжээ. 1901 онд Г.Климт библийн судраас сэдэвлэн “I Юдифь” бүтээлээ хийхэд Адель зургийн загвар нь болсон гэдэг. 1909 онд зураач эрийн “II Юдифь” бүтээлд Аделийн дүр төрх тэр чигтээ буусан гэж судлаачид дүгнэдэг.
Тэгвэл 1903 онд Фердинанд Блох-Бауэр зураач Г.Климтээр эхнэрийнхээ хөргийг бүтээлгэхээр захиалга өгчээ. “Алтан Адель” буюу “I Адель Блох-Бауэрын хөрөг” бүтээл ийнхүү төржээ. Үүнээс хойш удалгүй “II Адель Блох-Бауэр” зураг мөн л Фердинанд Блох-Бауэрын захиалгаар зурагдсан аж. Баян еврей эр залгуулаад дахин эхнэрийнхээ хоёр ч хөргийг түүгээр зуруулсан байна.
Г.Климт Адельтай учирснаас хойш бүтээлүүддээ түүний дүр төрхийг түлхүү шингээх болсон нь, хүмүүсийн шивэр авир гэх нь Фердинандад жигтэй санагдаж тэдний харилцааг “ухаж төнхөх” болжээ. Ингэж дотно харилцааных нь талаар мэдсэн тэрбээр Г.Климтийг эхнэрээсээ холдуулах санаа сэдэж, хөргийг нь удаан хугацаанд байнга зуруулах болов. Ингэснээр Г.Климт Аделиас уйдаж, сална гэж тэрбээр тооцоолсон нь талаар болоогүй байна. Г.Климт нөхрийнх нь захиалгаар дурлалт хүүхнийхээ дөрвөн хөргийг дараалан зурахдаа өндөр шан харамж авсны зэрэгцээ Фердинандын хүссэнээр багагүй хугацаа зарцуулжээ. Аделийн нөхөр эхнэрийнхээ зургийг олон удаа ноороглохыг зураачаас хүссэн гэдэг. Үүнтэй холбоотой юу ямартай ч зураач “Алтан Адель”-иа 100 гаруй удаа ноороглосон гэдэг.
Үеэлийнх нь тодорхойлсноор Аделийн толгой байнга өвддөг байснаас нэлээд зовж шаналдаг ч маш зөөлөн, тайван зантай, цог золбоотой, нүүр дүүрэн инээмсэглэдэг бүсгүй байж. Түүнчлэн дэгжин, тамхи татах нь уурын галт тэргийг санагдуулам хэмээн дурсжээ.
“Алтан Адель” бол Г.Климтийн уран бүтээлийн алтан үед хамаарна гэж судлаачид тэмдэглэсэн байна. Тэрбээр Аделиас “шинэ Венера”-гийн төрхийг ургуулсан гэх нь ч бий. Уг бүтээлийг Фердинанд Блох-Бауэр Австрийн улсын галерейд шилжүүлсэн нь эхнэрийнх нь сүүлчийн хүсэлтэй холбоотой. Адель Блох-Бауэр 1925 онд нас барахаасаа өмнө нөхөртөө “Намайг явсны дараа Г.Климтийн зурсан дөрвөн хөрөг зургийг минь улсын галерейд өгөхийг хүсэж байна” хэмээжээ.
1938 онд Австри III рейхийн мэдэлд очиход Фердинанд Блох-Бауэр Чехословак руу зугтаж, тэндээсээ Швейцарыг зорьжээ. Түүний уран зургийн цуглуулгын дийлэнх нь Австрид үлдсэн бөгөөд 1945 оны өвөл Цюрихт таалал төгсөхдөө тэрбээр тэдгээрийг улсынхаа музейнүүдэд хандивлахыг гэрээсэлсэн гэдэг.
“Алтан Адель” бүтээлд дүрсэлсэн хүзүүний зүүлт нь очир эрдэнийн шигтгээтэй. Тухайн үедээ загвар, хийц, орцоороо толгой цохиж байсан эл эрдэнийг Фердинанд нас залуу, зүс сайхан эхнэр Адельдаа бэлэглэсэн аж. Аделийг нас барснаас 13 жилийн дараа 1938 онд эл эдлэлийг Фердинанд үеэл Мариядаа бэлэглэжээ. Мария бол түүний төрсөн дүү Густав Блох болон Аделийн эгч Тереза нарын ууган охин. Чинээлэг залуутай гэр бүл болж, чамгүй хөрөнгөтэй байсан тэрбээр Густав Климтийн “Алтан Адель” зэрэг таван бүтээлийг Австрийн Засгийн газраас авахаар шүүхдэлцсэн түүхтэй. Австрид нацистууд дэглэм тогтоох үед Мариягийн нөхөр бөөнөөр хорих анги руу ачигджээ. Бүсгүй гэр бүлийнхээ эд хөрөнгө, үнэт эдлэлээ өгч түүнийг суллуулсан аж. Энэ талаараа “Нацистууд сүйн бөгжийг минь хуруунаас салган авсан.
Адель эгчийн алдарт хүзүүний зүүлт халаасанд минь байсныг ч тэд авчихсан” гэж дурссан байдаг. Дайны дараа тэрбээр нөхрийн хамт удам дамжиж ирсэн, гэр бүлийн үнэт зүйлсээ олж авахаар хөөцөлдсөн ч тусыг эс олжээ. Гэхдээ “Алтан Адель” зурагт мөнхөрсөн очир эрдэнийн шигтгээтэй зүүлт нацист Герман Герингийн эхнэр Эммид байсан талаар сураг сонссон аж. Гэвч Эмми болон түүний охин Эдда үүнийг үгүйсгэжээ. Герингийн эхнэрийн зүүлт Аделийнхаас нэлээд өөр байсан гэдэг. Түүнчлэн дайны дараа нацистуудын дээрэмдсэн, тэр дундаа Герингэд хамааралтай үнэт эдлэлүүдийн гарал, түүхийг судлахад Аделийн буюу Блох-Бауэрын гэр бүлийнхний зүүлтний сураг гараагүй байна. Тэгж байтал “Алтан Адель”-ийн очир эрдэнийн зүүлтний шигтгээ нэгэн офицерын гарт санамсаргүй орсон байдаг. Мэргэжилтнүүдийн таамагласнаар, тэрхүү зүүлтийг хэсэгчлэн, шигтгээг нь тусад нь зарсан байх магадлалтай. Дээр өгүүлсэн түүхийг “Энэ түүхийг найруулагч Саймон Кертис “Woman in gold” кинондоо тодорхой өгүүлдэг бөгөөд гол дүрд нь Хелен Миррен тоглосон билээ.
Бэлтгэсэн: Ж.Цэцэг