Тайван замаар эргэн нэгдэх үндэс суурь болгон Бээжингээс санал болгосон “Нэг улс, хоёр систем” зарчмыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Цай Инвэнь Тайванийн засаг захиргааны тэргүүний хувиар хоёр дахь удаагаа тангараг өргөхдөө мэдэгджээ. “Тайванийн статусыг доошлуулж, Тайванийн хоолойн халдашгүй байдлыг алдагдуулахын тулд эх газрын Хятадын эрх баригчдын бидэнд тулгаж буй “Нэг улс, хоёр систем” зарчмыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид энэ байр сууриа хатуу баримтална” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Түүний тангараг өргөх ёслолыг Тайбэй хотоос телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. “Тайванийн хоолойн хоёр талын харилцааны түүхэн эргэлтийн мөч тохиож байна. Хоёр тал удаан хугацаагаар зэрэгцэн орших арга замаа олж, эвлэршгүй зөрчил, үл ойлголцлоо даамжрахаас сэргийлэх ёстой” гэж Цай Инвэнь мэдэгдэв. Тэрбээр бүс нутгийнхаа тогтвортой байдалд оруулсан хувь нэмрээ бэхжүүлэх зорилгоор Бээжинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна.
Сүүлийн дөрвөн жилд Тайбэйгийн засаг захиргаа Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг дэмжин сахиулахын тулд бүс нутгийн төвөгтэй, өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай нүүр тулан, хамгийн их хүчин чармайлт гаргасан байна. “Бид хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн сацуу бүс нутгийнхаа аюулгүй байдалд тодорхой хувь нэмэр оруулахын тулд эх газрын Хятадтай хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж Цай Инвэнь хэллээ. Энэ оны нэгдүгээр сарын 11-нд болсон сонгуульд эх газрын Хятадад ойртох бодлогыг эсэргүүцэгч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшсэн, Тайванийн засаг захиргааны одоогийн тэргүүн илт давуу ялж, дөрвөн жилийн хугацаатайгаар улиран сонгогдсон юм. Цай Инвэнийг 2016 онд төрийн эрхэд гарсны дараа Хятад, Тайванийн харилцаа “хөрж” эхэлсэн юм. Тэрбээр “нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өмнөх эрх баригч Гоминьдан намын БНХАУ-тай аажмаар ойртох бодлогыг өөрчилжээ. Тайвань нь 1949 оноос бие даасан засаг захиргаа удирдаж байгаа ч олон улс, тэдгээрийн дотор ОХУ дэмжсэн БНХАУ-ын албан ёсны байр сууринд заасны дагуу Хятадын нэг мужид тооцогддог.