Цар тахлын дараа дэлхий ертөнц ямар болохыг таамаглахаар олон хүн одооноос оролдож байна. Эрчүүд эрсдэлтэй алхам ихэвчлэн хийдэг гэж үздэг байсан бол тийм биш гэдгийг цар тахал харууллаа. Улс төрд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үү-рэг цар тахлын дараа илүү идэвхтэй болно гэдэгт нийтлэлч Сүмико Сүзүки итгэлтэй буйгаа Японы “Toyo keizai” цахим хуудсанд бичжээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аймшигт хямралыг даван туулсны дараа манай гарагт улстөрчид ямар шинэ журам тогтоох бол? Тэр талаар асар олон таамаг, санал, дүгнэлт хэдийн хийжээ. Янз бүрийн орон дахь манлайлал, харилцааны асуудлыг би олон жил судалсан бөгөөд дэлхийн улс төрд эмэгтэй удирдагчид илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж, улс төрийн удирдагчдын үе идэвхтэй солигдоно гэдэгт итгэлтэй байна. Шинэ Зеланд, Герман, Тайвань, Финланд, Дани… Ийм хүнд нөхцөл байдалд эдгээр болон өөр олон орны эмэгтэй удирдагч манлайлах чадвараа илүү тод харуулав.
“ТЭД “ХАМЕЛЕОНУУД”АНГИЛАЛД ХАМААРДАГ”
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн. Шинэ төрлийн коронавирусээр нас барсан эхний хүн бүртгэгдэхээс өмнө улсдаа хөл хорионы хатуу дэглэм тогтоосон шийдвэр төгс байдал нь дэлхийн олон ажиглагчийн анхаарлыг татсан. Түүний цаг алдалгүй авсан арга хэмжээ, харилцан ойлголцох авьяас хүмүүсийн сэтгэлийн утсыг хөнджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Шинэ Зеландын Ерөнхий сайдтай илүү ойр харилцах боломж надад олдсон юм. Тэгэхэд тэрбээр Шинэ Зеландын нисэх онгоцоор дөнгөж ирээд байлаа. Үсээ нямбайлан зассан, уруулаа зохимжтой өнгөөр будсан, өндөр өсгийтэй туфль өмссөн нь тодхон санагдана. Өмд бүхий ажил хэрэгч хувцаслалт нь их зохисон харагдсан. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч биш гэж санагдлаа. Үүний сацуу хэлсэн үг нь итгэл төгс, логик утга нь их тодорхой байв. Эмэгтэйлэг байдал, дотоод хүчний ховорхон тэнцвэрт байдлыг хадгалсан нэгэн.
Байгалиас заяасан авьяас, туршлага зэрэг манлайлагчийн чанараараа эмэгтэйчүүд эрчүүдийн дор орохгүй. Гэсэн ч манай гарагт улс төр, эдийн засгийн удирдах албан тушаал дахь тэдний харьцаа тэнцвэргүй. Японы хувьд хүйсийн ялгааны үзүүлэлтээр дэлхийн 153 орноос 121-т ордог. Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн үзүүлэлтээр Япон хамгийн хоцрогдсон улс болохыг энэ жагсаалт харуулж буй. Өдгөө дэлхийн удирдагч эмэгтэйчүүдийн гар, хөл олон саад бэрхшээлд хүлээстэй. Тэд “давхар урхинд” ордог нь хамгийн хүндрэлтэй. Улстөрч эмэгтэй хүчтэйгээ харуулбал “галзуу”, эсвэл “хүйтэн хөндий”, аядуу зөөлөн байвал “сул дорой” гэгдэнэ. Тиймээс тэд хэт хүчтэй болон сул дорой хоорондын дундуур их мэдрэмжтэй явах ёстой болно. Тиймээс улс төрд амжилттай яваа эмэгтэйчүүд “хамелеон” хэлбэрт шилжиж, эрэгтэй ч, эмэгтэй ч улстөрчийн шинж чанарыг чадварлагаар хослуулах ёстой гэсэн дүгнэлтийг Стэнфордын их сургуулийн нийгмийн сэтгэл судлаачид хийжээ. Ийм хэлбэрт Германы Канцлер Ангела Меркель, Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь, Ерөнхий сайд нараас Шинэ Зеландын Жасинда Ардерн, Финландын Санна Марин, Исландын Катрин Якобсдоуттир, Норвегийн Эрна Сульберг, Данийн Метте Фредериксен нарын орчин үеийн эмэгтэй олон улстөрч багтана. Эрсдэлийн хүчин зүйлүүдийг зөв дүгнэснээр тэд цар тахалтай тэмцэх талаар амжилт олжээ. Тухайлбал, Жасинда Ардерн шийдэмгий, түргэн арга хэмжээ авсан. ХБНГУ-ын Канцлер, эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай Ангела Меркель шинэ төрлийн вирус дэгдэж эхэлмэгц хүн амаа нарийн шинжилгээнд хамруулах кампанит ажил өрнүүлжээ.
Эрэгтэйчүүд эрсдэл рүү шийдэмгий алхам хийдэг гэдэг ч цар тахлын үед үүнийгээ нотолсонгүй. Эмэгтэй улстөрчид эрсдэлтэй арга хэмжээнүүдийн бүх уршгийг тооцож, сэргийлэх алхмуудыг түргэн хийв. Үүний сацуу эрэгтэй улстөрчид коронавирусийг урьд нь хэрэглэж байгаагүй хатуу арга хэрэглэхгүйгээр ялна гэдэгт итгэлтэй байжээ.
Ариутгал сайн хийхэд л вирусийг дарна хэмээн эцэс төгсгөлгүй давтсанаараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп алдсан. Хөл хориог эсэргүүцсэн олны өмнө бууж өгсөн Бразилын Ерөнхийлөгч Болсонару вирусийн эсрэг арга хэмжээгээ цуцалсан. Мөн дарангуйлагч голдуу бусад удирдагч цар тахалтай холбоотой эрсдэлүүдийг дутуу үнэлж, халдварт өвчинтэй тэмцэх шинжлэх ухааны аргуудыг үл ойшоов.
“АРД ТҮМНИЙХЭЭ ЗОВЛОН ШАНАЛЛЫГ МЭДЭРДГЭЭ ХАРУУЛСАН”
Амжилт олсон эмэгтэй удирдагчдын бас нэг давуу чанар нь харилцах гарамгай чадвартайд оршино. Иргэдийнхээ өвчин, шаналлыг ойлгож, мэдрэх чадвартайгаараа эмэгтэй удирдагчид эрэгтэй улстөрчдөөс энэ удаа онцгой байв. Дээр дурдсан эмэгтэй удирдагчид иргэдийнхээ 70-80 хувийн дэмжлэгийг авчээ.
Цар тахал бол аймшигт вирус хэлбэртэй, үл үзэгдэгч дайсан төдийгүй хүн төрөлхтний айдас, өвдөх мэдрэмж, тусгаарлагдах түгшүүр юм. Ийм үед эдгээрийг ойлгох, зоригтой байх, ард түмнээ дэмжин зоригжуулах улстөрчдийн чадвар онцгой чухал аж.
Тойлуулахыг хүссэн хүмүүс эмэгтэй улстөрчдийн сэтгэл хөдлөл дүүрэн үгийг илүү нааштайгаар хүлээн авч, даган биелүүлдэг. Тухайлбал, Данийн Ерөнхий сайд Фредериксен, Норвегийн Сульберг, Финландын Марин нар хүүхдүүдэд зориулан телевизээр хэвлэлийн тусгай хурал хийж, тэдний тавьсан асуултыг чин сэтгэлээсээ хүлээн авч, хариулжээ. Хөл хорионы ид үед Фредериксен гал тогоондоо угаалга хийж, алдартай дуу аялж буй дүрс бичлэгээ фэйсбүүкт тавьсан нь олны дургүйцлийг төрүүлээгүй төдийгүй хошигнолоороо хүмүүсийн сэтгэлийг татсан байна. Шинэ Зеландын Сайд нарын танхимын тэргүүн Ардерн хүүхдүүдээ унтуулахаар хэвтүүлчихээд, ард түмэндээ хандаж гэрээсээ үг хэлжээ. Энэ нь харилцан ойлгох, бие биенээ дэмжих ард түмэндээ сэтгэгдэл төрүүлж, нэгдэн нягтрахад хүргэсэн юм. Мэдрэх, хайрлах гэсэн суурь ойлголтыг хүмүүст сануулсан түүний үйлдэл айдас, түгшүүрийг давахад тус болж байна.
Эмэгтэй улстөрчид ард түмэндээ зөвхөн сэтгэл санааны дэмжлэг өгөөд зогсохгүй байдлыг бодитоор ойлгуулж хэзээд чаддаг. Судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель халдварын хоёр дахь давлагааны уршгийг германчуудад бараг л гарын алган дээр мэт тайлбарлан өгчээ. Хэрэв нэг хүн 1.1 хүнд халдвар тараавал 10, 1.2 хүнд бол долоо, 1.3 бол ердөө зургаан сарын дотор хөл хорионоос гарна гэдгийг тэрбээр ард түмэндээ тодорхой тайлбарлаж өгсөн аж. Германчууд ч түүнд итгэж найджээ.
Карибын тэнгист байрладаг, Нидерландын бүрэлдэхүүн дэх өөртөө засах эрхтэй Синт-Мартин арал улс 41 500 хүн амтай ч сэхээн амьдруулах хоёр л тасагтай. Цар тахлын үед Ерөнхий сайд Сильверия Якобс ард түмэндээ хандаж, “Шаардлагагүй тохиолдолд арлаар бүү яв. Гэрт чинь талх байхгүй бол жигнэмэг, хүүхдийн будаа, нэвс, нөөшөө ид” гэжээ. Түүний уриалга нийгмийн сүлжээнүүдээр дамжин олны талархал хүлээсэн юм.
“ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН АСУУДЛЫГ ӨӨРЧЛӨХ ТААТАЙ МӨЧ ТОХИОЖЭЭ”
Эмэгтэйчүүд хүнд байдлаас гарч чадахгүй гэсэн түгээмэл бодол өдгөө ч Японд оршин тогтсоор байна. Үүнтэй холбоотойгоор тэдний улс төрийн соёлд эрэгтэй улстөрч эмэгтэйчүүдэд бүдүүлэг үг хэлдгийн сацуу сөрөг хүчний намаас парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн эсрэг дайрч давшилдаг. Цор ганц “хамелеон” эмэгтэй удирдагч, Токио хотын дарга Юрико Коикэ “Японы эрэгтэй улстөрчид эмэгтэй улстөрчдөд үл итгэдэг. Тиймээс улсын эрх ашигт хохирол учруулаад ч хамаагүй эмэгтэйчүүдийн эсрэг ажиллахад бэлэн байдаг” гэжээ. Үүнээс болоод Японы эмэгтэй улстөрчид эрчүүдийн олсон амжилтын талд хүрэхийн тулд ядаж л түүнээс хоёр дахин их үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй гэдэг. Гэсэн ч Японд эмэгтэй улчтөрчдийн идэвхтэй цөөн давхарга бий. Тэдний олонх нь бүс нутгийн түвшинд, өөрөө удирдах, орон нутгийн олон нийтийн болон төрийн бус байгууллагуудад ажилладаг. Чадварлаг эмэгтэй улстөрчдийг, ялангуяа Японы улс төрийн дээд хүрээнд буухиалж чадах залуу үеийг дэвшүүлэх зам дахь зохиомол саадыг арилгахад бүх хүчээ дайчлах хэрэгтэй байна.