Испанийн шигшээ багийн лидер, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн аварга П.Газоль ирэх жил болох Токиогийн олимпод оролцох хүсэлтэй аж. Зүүн хөлний гэмтлийн улмаас энэ улирлыг өнжсөн испани тоглогч “Olym¬pic channel”-д дэлгэрэнгүй ярилцлага өгснийг товчлон орчуулав.
-Таны хувьд коронавирусийн хямралын хамгийн хэцүү нь юу байв?
-Халдвар авсан, нас барсан хүмүүсийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг харах. Мөн хамаатны хүн нь нас барсан ч ойр дотнынхон нь очиж чадахгүйг, эмнэлэгт байгаа өвөө, эмээ, ээж, эсвэл аавыгаа тайвшруулж дэргэд нь байж чадахгүй байгаа хүмүүсийн тухай сонсох тун хэцүү байсан.
-Энэ бүхнээс бид юуг хамгийн ихээр ойлгож авах ёстой гэж та бодож байна вэ?
-Эцсийн эцэст амьдралын бүх зүйлийг үнэлж, ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Бүх зүйл энэ хэвээрээ байх юм шиг бодож болохгүй. Аялах нь, зоогийн газарт орох нь, найз нөхөдтэйгөө уулзах нь, гадуур зугаалах нь бидний чөлөөтэй хийх, хэн ч зогсоож чадахгүй зүйл гэж бид боддог байсан. Гэвч амьдралыг минь өөрчлөх зүйл гарч ирнэ шүү гэдгийг энэ цар тахал харууллаа.
-Токиогийн олимпын наадмыг дараа жил болтол хойшлуулснаар тав дахь олимпдоо оролцох боломж багаслаа гэж бодож байна уу?
-Хариулахад хэцүү асуулт байна. Нэг талаар цар тахал надад гэмтлээ бүрэн эдгээх боломж олгоно. Бүх зүйл өөрчлөгдөж, тэмцээн уралдааныг хойшлуулж, зогсоохоос өмнө гэмтэл эдгэрч хэдий 40 настай ч Токиогийн олимпод оролцоно гэж найдаж байв.
Харин одоо эдгэрэх хангалттай цагтай болсон учир 2021 оны зуны олимпод оролцохын тулд би дээд түвшинд сайн тоглох ёстой, ингэснээр эх орондоо туслах боломжтой болно. Гэхдээ юу үнэн гэвэл 2021 оны зун би 41 нас хүрнэ. Энэ нь миний хувьд том сорилт. Гэвч над шиг сорилгод дуртай, амбицтай хүний хувьд ийм сорилт таалагдаж байгаа. Сүүлчийн том тэмцээн болох тав дахь олимпдоо оролцохыг тун их хүсэж байгаа гэдгээ хэлье.
-Олимпын наадмын хамгийн сайхан дурсамж тань юу вэ?
-Олон дурсамж бий. Мартахаар хэцүү нь ч бий. Гэхдээ оролцсон дөрвөн олимпын наадмынхаа гурваас нь медаль хүртсэн нь амьдралын минь оргил амжилтуудын нэг гэж боддог.
Мэдээж тэдгээр медалийн ядаж нэг нь алт байсан бол надад сайхан санагдана. Гэвч бидэнтэй хүчирхэг багууд таарч, эн тэнцүү тэмцэж, ялах боломж ч гарч байсан. Гэвч тухай бүр Америкийн баг биднийг илүүрхэж байлаа. Гэсэн ч багийнхаа уур амьсгал, нөхөрлөлд би хайртай. Үндэсний шигшээ багаараа их бахархдаг. Бид нэг гэр бүл. Тиймээс хамтдаа хөдөлмөрлөж, бие биенээ хүндэтгэдэг. Бүгд өөр өөрийн үүрэгтэй, түүнийгээ нэр төртэй гүйцэтгэхийг, хөгжилдөхийг, амжилт хялбар ирнэ гэж бодохгүй байхыг хичээсээр ирсэн. Олимпын тосгонд хамтдаа хөзөр тоглож, өөр спортын тамирчидтай танилцаж, нээлтийн ёслолд оролцож, олимпын наадмын хоёр ч финалд тоглож, өөр спортын тэмцээн үзсэн энэ бүх мөчүүд надтай хамт үүрд байх болно.
-Та олимпын наадмын финалд хоёр удаа тоглосноос гадна Риогийн олимпын хүрэл медалийн төлөөх хүнд тулаанд оролцсон. Австралийн эсрэг тэрхүү тоглолтоос юуг дурсдаг вэ?
-Амаргүй тулаан байсан. Хэдий бид өмнө нь олимпын хоёр финалд “Алдрын танхим”-ын гишүүд, дээд зэргийн авьяаслаг тоглогчдоор дүүрэн, дараагийн “Мөрөөдлийн баг” гэж нэрлэж болохоор Америкийн супер багийн эсрэг хоёр гайхалтай тулаан хийж хожигдсон ч тэрхүү хүрэл медалийн төлөөх тоглолт надад үнэ цэнтэй. Маш хүнд тоглолт байсан учраас Риогоос зүүсэн хүрэл медаль надад их утга учиртай санагддаг. Хоёр баг эцсээ хүртэл тулалдсан. Австраличууд сайн тоглосон ч бид ялах арга замаа олсон.
-Хэнээс урам зориг авдаг вэ. Та маш олон хүнд урам зориг өгдөг бол яг одоо хэнээс урам зориг авч байна вэ?
-Тийм хүн маш олон бий. Коронавирусийн цар тахлын үеэр чармайн ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, түргэн тусламжийнхан, сувилагчид, эмч нар олон хүнд урам зориг өгч байна. Эх орныхоо төлөө, бусдын сайн сайхан амьдралын төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулан цаг наргүй ажиллаж буй хүмүүсийг би хэлж байна. Тэд бол үнэхээр урам зориг авууштай хүмүүс. Анагаах ухаан, шинжлэх ухаан, мөн Засгийн газрын гээд энэ хүнд байдлаас гарах арга зам хайж буй бүх хүнийг нэрлэхийг хүсэж байна.
Бэлтгэсэн: Н.Баяр