Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах томоохон тэмцээнүүдээс Германы Бундеслиг эхэлж “хөшгөө нээлээ”. Өнгөрсөн бямба гарагт явагдсан тоглолтуудын тоймыг танилцуулья.
“БОРУССИ.Д”-“ШАЛЬКЕ” 4:0
Гоол: Холанд 29, Геррейру 45, Азар 48, Геррейру 63
Түүхэнд орох Рурын дерби. Учир нь цар тахлын дараах хөлбөмбөгийн анхны тоглолт төдийгүй сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Германы хамгийн алдартай эл дерби анх удаагаа үзэгчгүй цэнгэлдэхэд үзэн ядалт, галт бөмбөггүй явагдав. Ач холбогдлын хувьд ч тун онцгой тоглолт. “Дортмунд” аваргын төлөө өрсөлдөөнд “Байерн”-тай зуузай холбож яваа бол гельзенкирхенчүүд “Европа” лигт тоглох эрхийн төлөө тэмцэж байгаа.
Хар-шаруудын эгнээнд гэмтэлтэй М.Ройс, А.Витсель, Загаду, Э.Жан байгаагүй ч тэд талбайдаа өрсөлдөгчөө хожив. Цар тахлын дараа улирлаа сэргээсэн Бундеслигийн анхны гоолыг Э.Холланд оруулсан юм. Ийнхүү 19 настай норвег довтлогч энэ улирлын формоо завсарлагын үеэр ч алдаагүй гэдгээ харууллаа. Тэрбээр Бундеслигийн есөн тоглолтод 10 дахь гоолоо оруулсан нь энэ юм.
“ЛЕЙПЦИГ”-“ФРАЙБУРГ” 1:1
Гоол: Поульсен 77, Гульде, 34 дэх минут
Германы дорно зүгт орших тус хот Бундеслигийн тоглолтод онцгойлон бэлтгэсэн байв. Тухайлбал, нисэх буудлаас цэнгэлдэх рүү онгоцны хөдөлгөөнт шат авчирчээ. Учир нь “Лейпциг”-ийн цэнгэлдэх хүрээлэнгийн техникийн бүс нь хангалттай суудалгүй учир багийн удирдлага сэлгээний тоглогчдыг үзэгчдийн суудалд ийм аргаар суулгахаар шийдвэрлэсэн аж. Ингэснээр дасгалжуулагч, сэлгээнийхэн хоорондоо ядаж хоёр метрийн зайтай суух боломжтой болжээ.
Тоглолтын тухайд дуулиан дэгдэх дөхсөн. “Лейпциг” энэ улиралд хамгийн цөөн хожигдсон баг боловч тун замбараагүй тоглосноор эхний хагаст булангаас тун “тэнэг” гоол алдаж, 1:0-ээр хожигдож эхлэв. Талбайн эзэн баг гоол оруулах олон боломж гаргасны ачаар завсарлагын дараа тоог тэнцүүлсэн. Камплягийн хөндлөн дамжуулалтад Поульсен хүрч, гоол оруулсан юм. Гэвч тэд үлдсэн хугацаанд гоол оруулж чадалгүй тун чухал хоёр оноо алдлаа. Бүр гурван ч оноо алдаж болох байсан. Шүүгчийн мэдлийн цагт “Фрайбург”-ийн Кох гоол оруулсан ч тооцсонгүй.
“АУГСБУРГ”-“ВОЛЬФСБУРГ” 1:2
Гоол: Едвай 54, Штеффен 43, Гинчек 90+1 минут
Тоглолт эхлэхийн өмнөхөн “Аугсбург” багтай холбоотой таагүй мэдээ тарав. Баварийн багийн ерөнхий дасгалжуулагч Х.Херрлих дэлгүүрээс шүдний оо, гарын тос авахаар байрласан зочид буудлаа орхиж гаран хөл хорионы дэглэм зөрчсөн байна. Үүний улмаас Х.Херрлихийг “Вольфсбург”-ийн эсрэг тоглолтод ирэхийг нь хориглож, коронавирусийн шинжилгээ хоёр удаа өгөхийг шаардсан аж. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд түүнийг багтайгаа нэгдэхийг нь зөвшөөрнө. Сонирхолтой нь, Х.Херрлих гуравдугаар сараас “Аугсбург”-ийг толгойлох болсон ч багаа нэг ч тоглолтод удирдаж амжаагүй байна. Түүнгүйгээр баг нь өрсөлдөгчөөсөө оноо авах дөхсөн ч шүүгчийн мэдлийн цагт хожигдов.
Ташрамд дурдахад, тус багийнхан зөвхөн энэ тоглолтод зориулсан тусгай өмсгөлтэй тоглосон. Тун ганган, мөн ивээн тэтгэгчийн эмблемгүй, оронд нь сайн санааны үйл ажиллагааны лого бүхий эл өмсгөлийн борлуулалтын орлогыг цар тахалтай тэмцэх үйлсэд хандивлах аж.
“ХОФФЕНХАЙМ”-“ХЕРТА” 0:3
Гоол: Акпогума 58, Ибишевич 60, Кунья 74 минут
Таамаглаагүй үр дүнгээр дууссан бас нэг тоглолт. Ю.Нагельсманн явсны дараа “Хоффенхайм” тааруу тоглож буй ч гэртээ ийм олон гоолын зөрүүтэй хожигдтолоо доош ороогүй явсан. Багууд эхний хагаст эн тэнцүү үзэлцсэн ч завсарлагын дараа зочид гоолын бороо оруулав. Хаалганы 90-ийн буланд бөмбөгийг зоосон хамгаалагч Акпогумын автогоолоор энэ бүхэн эхэлсэн юм.
Гэхдээ гурван гоол бус, “Херта”-гийн тоглогчдын гоолын баяр бүхний анхаарлыг татсан. Тэд лигийн удирдлагын шаардлагыг үл хайхран бие биенээ тэвэрч, гар барьж, эгээтэй л үнсэлцэлгүй гоолын баяраа тэмдэглэсэн юм. Дараачийн тойрогт “Херта” талбайдаа “Унион”-ыг хүлээж авах учир гоолын ийм баяр харах боломж үзэгчдэд бий.
“ФОРТУНА”-“ПАДЕРБОРН” 0:0
“АЙНТРАХТ”-“БОРУССИ.М” 1:3
Гоол: Сильва 81-Плеа 1, Тюрам 7, Бенсебаини 73 пенальти
“Борусси” багт улирлын төгсгөлд нэг том давуу тал бий. Тэд талбайдаа картон цаасаар хийсэн үзэгчдийнхээ өмнө тоглоно. Хэдий Франкфуртэд болсон эл тулаанд цаасан хөгжөөн дэмжигчид нь хүрэлцэн ирээгүй ч “Борусси” зоволгүйгээр ялалт байгуулав. Тодруулбал, тоглолт эхлээд долоон минут өнгөрч байхад тэд хоёр гоол оруулж, тоглолтын хувь заяаг тодорхой болгочихсон. Ийнхүү “Гладбах” “Лейпциг”-ийг гүйцэж, гуравдугаар байрт орж ирлээ.