Уэльсийн залуу бүжигчин Мейми Стюарт учир битүүлгээр алга болсон талаар зуун жилийн өмнө Англид шуугиж байв. Скотланд-Ярдын зааварлагч сүүлийн жилүүдэд энэ эмэгтэйн амьдарч байсан хотод очсоны дүнд нууц байсан нэлээд зүйлийн сэжүүрээс атгасан байна. Харин гэмт хэрэгтнийг алдчихаж.
1920 оны гуравдугаар сард Суонси гэдэг жижигхэн хотын “Grosvenor” гэдэг буудлын эзэн цагдаагийн байгууллагад ханджээ. Тухайн үеийн хамгийн дуулиан шуугиантай түүх ийн эхэлсэн байна. Шинэ жилийн өмнөхөн дээрх зочид буудалд дунд эргэм насны эрэгтэй ирж байрлаад явахдаа ширэн чемоданаа өрөөндөө орхижээ. Бараг гурван сар өнгөрөхөд түүнийг авахаар хэн ч ирсэнгүй.
Тэгээд чемоданыг цагдаагийн байгууллагад хүргүүлэв. Чемодан дотор Библи судар, загалмай, хумс засах хэрэгсэл, эмэгтэй хүний хоёр хос ботинк, огтолж сэглэчихсэн хоёр даашинз байв гэнэ. Бас Английн нөгөө хязгаарт байдаг Сандерленд хотод байх хэн нэгний хаягийг бичсэн цаасны өөдөс байсан аж. Энэ нь тус хотод эхнэр Элеанорын хамт амьдардаг тэнгисийн цэргийн ахмад Жеймс Стюартын хаяг байлаа. Чемоданд байсан ботинк, даашинз нь түүний 26 настай, замбараа муутай амьдралтай охин Мейми Стюартынх ажээ. Охин Суонсид шилжиж ирээд удаагүй байв. Тэрбээр гурван сарын өмнө аав, ээждээ шинэ жилийн баяр хүргэсэн цахилгаан утас ирүүлчихээд сураг тасарсан гэнэ. Түүнд явуулсан хариу захидал “Гэр нь цоожтой байв” гэсэн тэмдэглэгээтэй буцаад ирсэн аж. Охинтой нь ямар нэг эвгүй юм тохиолдлоо хэмээн эцэг, эх нь айж сандралгүй яах вэ.
Мейми хүүхэд байхаасаа л алдар цуутай болохыг хүсэж, бүжигчин болохоор 15 настайдаа гэрээсээ явжээ. Тэгээд тодорхой амжилт олж, түүгээр ч барахгүй өөрийн гэсэн бүжгийн хамтлагтай болж, түүнийгээ “Вероны таван эмэгтэй” гэж нэрлэсэн байна. Тэд Англи орноор хөндлөн гулд явж тоглолт хийдэг, нас залуу ч гэлээ өөрсдийгөө өмгөөлж хамгаалж чаддаг байлаа.
Мейми 1918 онд 39 настай, хөлөг онгоцны инженер Жорж Шоттонтой гэр бүл болжээ. Энэ хүн хэнийг ч ятган үгэндээ оруулж чаддаг аятайхан эр байв. Ингээд Мейми тайз, аялан тоглолт, нүүдэлчин амьдралаа орхив. Тэд Уэльсэд шилжин ирж, тэнгис рүү харсан, хавь ойрдоо айлгүй газар байр авчээ.
Суонси хотоос авсан мэдээллээр баримжаалбал, энэ гэр бүл тийм ч аятай сайхан байсангүй. Мейми бусдаас хол хөндий, ер нь л өөрийгөө ертөнцөөс тусгаарлагдсан гэж гомдоллоно. Тэгэхдөө нөхрийнх нь хачирхалтай байдал түүнийг юу юунаас илүү айлгаж байв. Хуримын дараагаас түүний зан ааш хувирч, хаана байгаа нь мэдэгдэхгүй хэд хэдэн хоног алга болж, ирэхээрээ зодож нүддэг аж. Меймигийн сүүлийн үеийн захидлууд нь сэтгэл түгшээх болов. “Хэрэв надаас захидал очихоо байвал хатагтай Хирнтэй харилцаж намайг сураглаарай. Удахгүй Жоржоос салах байх. Ингэж амьдрах нь ямар ч утга учир алга” гэж аав, ээждээ бичжээ.
Эцэг, эхийнх нь болгоомжлол дэмий зүйл байсангүй, охин алга болчихжээ. Мөрдөн шалгах ажлыг Уильям Дрейпер гардан хариуцах боллоо. Түүний үүрэг болгосноор хатагтай Хирнтэй цагдаа нар уулзаж ярилцав. Мейми айдастай байсан нь тодорхой боллоо. Энэ айдас түүний нөхөр Жорж Шоттонтой холбоотой байжээ.
Шоттоны талаарх лавлагааг Дрейпер олж үзтэл Мейми түүний анхны эхнэр биш байв. Хөлөг онгоцны инженер тэр эр 1905 онд Мэри гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн аж. Тэр бүсгүй эсэн мэнд, эрүүл саруул, Суонси хотоос холгүй аж төрж байлаа. Тэднийд очиход Меймигийн гэрээс гараад ердөө 15 минут л явна. Шоттон ийнхүү хоёр гэртэй, хоёр эхнэртэй амьдарч, түүнийгээ аль алинаас нь нуугаад байж. Шоттон алга болчихоод байдаг нь хуучин эхнэр, хүүхэд дээрээ оччихдог байсан хэрэг.
Шинэ жилийн өмнө “Grosvenor” зочид буудалд байрлаж, тэнд чемоданаа мартсанаа Шоттон мөрдөн байцаалтын үеэр хүлээсэн байна. Харин түүнээс бусдыг нь биедээ халгаасангүй. Мейми түүний хувьд эхнэр нь биш, ердөө л нууц амраг. Түүнийг Шоттон хөнөөгөөгүй, Мейми Шоттоныг арванхоёрдугаар сарын эхээр хаяад явсан байна. Баримт болгож өөрийг нь “эргүүлсэн” хүнд Мейми бичсэн гэх захидлыг Шоттон үзүүлсэн аж. Түүнд “Нөхөр минь ямар нэг юм гадарлаад байх шиг байна. Тэр яах вэ, тэртэй тэргүй, миний зүрхэнд орон зай эзлэхээ байсан амьтан. Чамдаа дахин тэврүүлэхийг, чиний барааг харахыг яасан их хүсэж байна гээч….” гэх мэтээр бичсэн байлаа. Мейми өөр хүнтэй болсныг мэдсэнээ Шоттон нуусангүй. Тэгээд хардаж харамлахдаа түүнийг егүүтгэснээ ч хүлээв. Гэхдээ амиа алдсан хүнийг нь хэн ч үзээгүй, тэр эмэгтэйг үхсэнийг нь нотлоогүй байж хүн амины хэрэгт хэнийг ч буруутгаж яахан болох билээ. Цогцос олддоггүй.
Цагдаа нар Меймигийн байрыг онгичиж, орчных нь газрыг самнаад сэжигтэй зүйл олж чадсангүй. Алга болсон эмэгтэйн ам зургийг гаргаж Их Британи даяар тараасан ч гэрч олдсонгүй. Гэлээ ч 1920 оны тавдугаар сард Шоттоныг баривчлав. Хүний амь бүрэлгэснийг нь Дрейпер нотолж чадаагүй болохоор Шоттоныг хоёр эхнэртэй байсан гэж буруутгалаа. Түүнд 18 сар цөлөх ял оноожээ.
Энэ хэргийн талаарх элдэв мэдээлэл сонины хуудаснаас салалгүй их удав. Меймийг санаад оромгүй газар, тухайлбал, Канад, Өмнөд Африк, Австралид амьд байхыг нь харсан гэх мэдээлэл ч гарч байлаа. Түүний эцгийг нь таних, “Блитмур” усан онгоц дээр ажилладаг хүн Меймийг Карачи (Пакистан) хотод жүжигчидтэй хамт тоглолт хийж байхыг нь харсан гэж ярьжээ. Тэгээд олон нийт энэ явдлыг тэгсгээд сонирхохоо байж, Мейми Стюартыг удаан хугацаанд мартаж, 40 гаруй жилийн дараа л эргэн санадаг байгаа.
1961 оны арванхоёрдугаар сард гурван залуу судлаач Суонси хотоос холгүй байх, ашиглахаа байсан тугалганы уурхайд оржээ. Тэнд цагийн аясаар хатаж харласан хүний гавлын болон бусад яс бүхий шуудай байв. Хажууд нь танан товч, гинж, хоёр алтан бөгж, даавууны өөдөс, үсний сэвтэй сам зэрэг зүйл байлаа. Судлаачид уг шуудайг авалгүй орхиод цагдаа нарт хэл дуулгаж, улмаар ясыг лабораторид шинжлүүлтэл нэлээд нь дундуураа хуваагдсан, тухайн хүнийг амьгүй болсны нь дараа хөрөөдөж хуваасан болов уу гэмээр байсан аж. Гэлээ ч хүний бүхэл бүтэн яс цуглуулж дөнгөжээ.
Аарцагны ясных нь байдлаас үзвэл эмэгтэй хүнийх аж. Талийгаач 162 см өндөр, харин насыг нь тодорхойлоход түвэгтэй байв. Ясны уулзвар хэсгүүд хатуурсан байсныг бодоход 25 нас хүрсэн гэлтэй, ямар ч байсан 24-өөс дээш, 28-аас доош настай хүн байж. Хувцасны өөдсөөр нь баримжаалбал, 1920-иод онд амьдарч байсан бололтой. Цагдаагийн ажилтнууд ясыг Мейми Стюартынх байж магадгүй гэж үзэв. Нуруу, нас нь тохирч, гавлын ясыг нь гэрэл зурагтай нь харьцуулахад бас л төстэй байлаа. Олдсон эд зүйлсийг Меймигийн найз явсан эмэгтэйд үзүүлбэл эргэлзсэн ч гэсэн хуримын бөгжийг нь таньжээ.
1919 оны сүүлчээр Билл Саймонс гэдэг хүн шуудангаа тарааж яваад Жорж Шоттоныг том шуудайтай юм дааж ядан чирж явахад нь тааралдсан байна. Тэгээд “Туслах уу?” гэхэд Шоттон сүрхий харснаа шуудан хүргэгчийн хөх хувцсыг нь хараад уртаар амьсгаа авч “Чамайг цагдаа байна гэж бодлоо шүү” гэж хэлээд тусламжаас татгалзан, ганцаараа шуудайтай зүйлээ машиндаа ачаад яваад өгчээ. Билл Саймонс ийн ярьсан байна.
Уурхайгаас олдсон яс, эд зүйлс Мейми Стюартынх хэмээн шүүгчид үзлээ. “Тэр эмэгтэй алагдсан байна. Цогцсыг хөрөөдөж хуваасан нь тухайн хүн амиа хорлож уу, золгүй тохиолдлын золиос болж уу гэдгийг ялгаж өгч байна” гэж мөрдөн байцаагч дүгнэжээ. Нас өндөр болсон шуудан хүргэгчийн яриа сураггүй болсон эмэгтэйг Жорж Шоттон хөнөөснийг шүүгчдэд эргэлзэх юмгүй итгүүлжээ.
Ингээд Шоттоныг эрэн сурвалжилж эхлэв. Интерпол ч үүнд оролцлоо. Түүнийг АНУ руу зугтсан гэх таамаглал Британийн цагдаагийн байгуулллагынханд байсан аж. Гэтэл ердөө гурван долоо хоногийн дараа Английн баруун нутгаас түүний шарил олджээ. Шоттон шүүхийн шийдвэр гарахаас гурван жилийн өмнө 1958 онд 78 насандаа амьсгал хураасан байна. Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдээ ядуу, зүдүү, ганцаардмал байдалд өнгөрүүлсэн аж. Мейми Стюартын амьдралын түүх 2019 оноос дахин “сэргэж” үргэлжилсэн гэж хэлж болно. Түүний дүүгийнх нь зээ охин 74 настай Сьюзи Олднолл үүнд гол үүрэг гүйцэтгэв. Нэг зүйлийн учрыг тайлахад уурхайгаас олдсон цогцсын үлдэгдлийг тэнд нь орхилгүй Кардиффын их сургуульд аваачиж, шинжилгээ хийгээд хадгалж, оюутнуудын сургалтад ашиглах болсон байна. Олднолл талийгаачийн талаар аль болох их юм мэдэж авахыг хичээж, олон жилийн өмнөх энэ хэргийг мөрдсөн талаар ямар нэг баримт үлдээгүйг тогтоосон аж. Ирландын салан тусгаарлагчдын өдөөсөн алан хядах үйлдлийн уршгаар хэргийн материалууд алга болж, нөгөө зочид буудал ч түймэрт өртөж, юу ч үлдсэнгүй.
…2019 оны арванхоёрдугаар сард Сандерленд дэх оршуулгын газарт дөрвөн хүн очжээ. “Бид худалдаж авсан авсаа нүхэнд хийж, цэцэг тавиад, хэдэн үг хэлчихээд л тараад явцгаасан” гэж Олднолл ярьсан байна.
Бэлтгэсэн: Р.Жаргалант