Ливийг энэ жил 3200 орчим хүн далайгаар дамжин орхих гэснийг таслан зогсоосон бөгөөд тэдний олонх нь саатуулагдсан газраа байгаа гэж НҮБ-ын долоон агентлагийн мэдэгдэлд дурджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүмүүнлэгийн асуудлуудыг зохицуулах, Хүний эрхийн дээд комиссарын газар, Олон улсын цагаачлалын байгууллага, Хүүхдийн болон Хүн амын сангаас бэлтгэсэн мэдэгдэлд зэвсэгт мөргөлдөөн, цар тахал Ливийн хүн амд үлэмж аюул учруулж буйг тэмдэглэсэн байна. “Мөргөлдөөн эхэлснээс хойших есөн жилд Ливийн 400 мянга орчим иргэн шилжин суурьшжээ. Тэдний тал хувь нь нийслэл Триполи руу Ливийн үндэсний арми давшиж эхэлснээс хойших өнгөрсөн нэг жилийн хугацаанд орон гэрээ орхисон” гэж НҮБ-аас мэдээлэв.
Уг баримт бичигт дурдсанаар гал зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан хэдий ч байлдааны ажиллагаа намжихгүй, хүмүүнлэгийн чухал ачаа хүргэхэд хүндрэл учруулсаар байна. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар хүмүүнлэгийн ажилтан болон ачаа хүргэхэд саад болсон тухай 851 мэдээлэл ирсэн гэнэ. “Цагаач, дүрвэгчийн олонхын байдал онцгой түгшүүртэй буй. Энэ он гарснаас хойш далай гатлуулалгүй саатуулсан хүмүүсийн олонх нь хорих 11 төвийн нэгэнд байгаа” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Бусад нь хүмүүнлэгийн ажилтнууд орох боломжгүй газруудад хүргэгдсэн аж. Үүний сацуу 2020 он гарснаас хойш 15 удаагийн халдлагын улмаас эрүүл мэндийн ажилтнууд шархдаж, эмнэлгийн барилгууд эвдэрч, сүйдсэн гэнэ.
Ливийн удирдагч Муаммар Каддафийг 2011 онд Төрийн тэргүүний суудлаас түлхэн унагаж, амийг нь бүрэлгэснээс хойш Ливи улс нэгдмэл улс шиг үйл ажиллагаа явуулахаа бараг больжээ. Одоо тус улс хоёр засаглалтай. Зүүн нутагт нь ард түмнийх нь сонгосон парламент хуралдаж, нийслэл Триполид төвтэй баруунд нь НҮБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр эмхлэн байгуулсан, Файез Сарраж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар эрх барьж буй. Зүүн нутаг дахь засаг захиргаа нь Триполигоос тусгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд маршал Халиф Хафтар тэргүүтэй Ливийн үндэсний армитай хамтран ажилладаг. Х.Хафтар өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш Триполийг эзлэх оролдлогоо зогсоогоогүй байна.