У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид”-ийн Франц Мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт”-ын харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, “Баавгай дуулах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадын дарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиол бичин, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан” гэх мэтчилэн 30 орчим дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн А.Очирбат агсныг мэдэхгүй хүн цөөн.
1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр хэмээх газарт А.Очирбат мэндэлжээ. Төрсөн аав нь ихэвчлэн бурхан зурдаг, нутаг усандаа алдартай зураач Дашдаваа гэж хүн байсан ч ээжийнх нь дүү Аюурзана түүнийг өргөн авч, өсгөжээ. Малчин удмын хүү тэрбээр балчир насаа мал маллаж өнгөрөөсөн гэдэг.
Морь уургалахдаа гарамгай ч уургалсан морио тогтоон барихдаа тааруухан нэгэн байж. Гэхдээ эмнэг адуун дээр гарчихсан тохиолдолд унанаа л үгүй гэж бага насныхаа тухай дурссан бичлэг нь байдаг юм билээ.
1940-өөд оны үе монголчуудын хувьд шинэ, содон бүхний эхлэл байжээ. Багийн бүлгэм байгуулагдаж, бичиг үсэг сурах нэг сарын аяныг зохион байгуулав. Тэр аянд ирээдүйн жүжигчин хамрагджээ. Хэдэн гэр барьчихсан, ширээ сандал байхгүй, эсгий дэвсчихсэн гэрт хичээллэж байсан ч тэрбээр бусдадаа зааж сургахаар хэмжээнд суралцаж чадсан байна. Ингээд бүлгэмийн болон сумын төвийн багш болжээ. Энэ үеэс ирээдүйн алдарт жүжигчин урлагт татагдсан гэхэд болно. Учир нь сумын төвийн удирдлагууд ард иргэдээ урлагт дурлуулахын тулд багш нарыг сайн дурын уран сайханд татан оролцуулдаг байв. Ингэж А.Очирбат сайн дурын уран сайханч болж “Учиртай гурван толгой”-н олны хэсэгт тоглон, тайзан дээр анх гарсан юм билээ.
Тэрбээр 19 насандаа хотын зүг хүлгийн жолоо залжээ. Тухайн үед зургийн сургуульд орох санаа өвөрлөж явсан аж. Чамгүй зурдаг, тэр дундаа хөдөөгийн аж байдлыг дүрсэлдэг байв. Цаас олдохгүй бол улаан тамхины боодлын цаасан дээр ч зурдаг байсан гэнэ. Гэвч зургийн сургуульд орох санаа нь талаар болжээ. Цэргийн, худалдааны сургуулийн хаалга татсан боловч бүтсэнгүй. Яг тэр үед азаар нутгийнхаа ахтай таарч учир байдлаа ярилцсанаар түүнийг урлагийн сургуульд шалгуулахаар болж, Бөмбөгөр ногоон театрт дагуулж очсон байна. Шалгалт өгөхөөр олон
хүүхэд цугласан ч түүн шиг бүрх малгай, бор нударгатай дээл, түрийг нь эргүүлсэн хар савхин гуталтай хүүхэд байсангүй. Шалгалт авч буй багш нарын хэлсэн үг бүрийг гүйцэлдүүлж, дуу дуулж, шүлэг уншив. Дараа нь “Сонинд ах чинь одон медалиар шагнуулаад нас барсан тухай мэдээ гарсан байна. Үүнийг тогло” гэсний дагуу этюд хийсэн ч гарахад нь “Хүү минь, чи тэнцээгүй байх шүү” гэсэн гэдэг. Удалгүй театрын гадаах самбарт шалгалтад тэнцсэн хүүхдүүдийн нэрийг хадсан байв. А.Очирбат тэнцэж, “Наймдугаар сарын 20- нд урлагийн сургуульд ир” гэсэн томилолт авчээ. Тэрбээр 1950 онд Ц.Цэгмид багшийнхаа удирдлагад Д.Хишигт, П.Туваанжав, Ц.Цэрэндорж нарын авьяаслаг залуустай хамт урлагийн сургууль дүүргэсэн юм. Төв хорооны тогтоол гарч, Улсын хүүхэд, залуучуудын театр байгуулагдаж, урлагийн сургуулийн төгсөгчид бүгд жүжигчнээр томилогдов. Өөрөөр хэлбэл, энэ театрт нийт 13 хүүхэд томилогдсоны нэг нь А.Очирбат байлаа. Шинэхэн жүжигчний анхны тоглосон жүжиг нь 1953 онд олны хүртээл болгосон Ч.Лодойдамбын “Нэг ангийнхан”. Хүүхэд, залуучуудын театрт хамт ажиллаж байсан уран бүтээлчид нь “Тайзан дээр биерхүү, чанга дуу хоолойтой уран бүтээлч их сайхан харагддаг шүү дээ. Гэтэл Оогоо жижиг биетэй. Тэгсэн атлаа нүүрээ будаад, жүжгийнхээ хувцсыг өмсөөд тайзан дээр гарахаараа их сүрлэг харагддаг. Жүжигчин хүн бие жижиг байх хамаагүй, дотроосоо том байж, хийж буй зүйлдээ сэтгэл гаргах нь чухал гэдгийг харуулж буй нь тэр. Манай Оогоо гараад ирэхээр тайз дүүрдэг байлаа” гэлцдэг юм билээ. Мөн оюу шиг ногоон нүдтэй болохоор нь “Оюун” хэмээн хочилдог байж.
1970-аад оны эхэн үед Жүжигчдийн дунд “Тунгалаг Тамир” романыг кино болгох гэнэ” гэсэн яриа тархжээ. Жүжигчид нэгнээ Итгэлт баян, Эрдэнэ болгон харж байхад Очирбатад энэ тухай бодох ч сөхөө байсангүй. Учир нь тэрбээр Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжигт тоглох гээд завгүй байв. Тус жүжгийн хяналт хийх үеэр Ч.Лодойдамба зохиолч очиж таарч. Далдуураа Итгэлт баянаа хайж явсан нь тэр байж. Хэд хоногийн дараа Ч.Лодойдамба зохиолч “Би Итгэлтээ олсон. Түүнийг өөр уран бүтээлд тоглуулахгүй” гэснээр А.Очирбат “Тунгалаг Тамир”-т тоглох болсноо мэджээ. Үдшээр цүү хаядаг хэсгийн зургийг хамгийн эхэнд авах болов. А.Очирбат өмнө нь кинонд тоглож үзээгүй байсныг хэлэх үү, ичээд тоглож чадахгүй байсан тул зураг авах ажлыг хойшлуулж, маргааш нь мал тоолдог хэсгийн зургийг авсан аж. Киноны багийнхан “Энэ А.Очирбатаас болж кино дуусахгүй нь. Ер нь сольё. Эсвэл өөр зураг аваад үзье” гэцгээж байв. Харин Ч.Лодойдамба зохиолч л “Тэр чадна” хэмээн Итгэлтдээ итгэл хүлээлгэсээр байж. Тэрбээр “Энэ бол үнэхээр гойд дүр. Би сайндаа энэ дү-
рийг гаргачихсан юм биш. Ч.Лодойдамба багшийн мундгийнх байхгүй юу. Том дүр жүжигчнээ өөрөө аваад явчихдаг юм” хэмээн учирладаг байв. Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал түүнийг “Жүжигчин хүний уран чадвар ямар байдгийг залуу жүжигчин надад “Тунгалаг Тамир”-т тоглох үедээ харуулсан. Миний үлгэр дуурайл байлаа” хэмээв.
Түүнийг Итгэлтэд Ч.Лодойдамба гуай сонгосон бол Сатай сайдын дүрийг найруулагчид өөрөө санал болгож, тогложээ. “Итгэлт бол хийх ажилтай дүр. Дүрийн хувиралт, тоглолт гээд жүжигчнээс олон чадвар шаардана. Харин Сатай сайд нэгэн хэвийн дүр. Кино дуусахад ч тэр хэвээрээ л төгсдөг. Хийх ажилгүй байна гэдэг ямар хэцүү гээч. Жүжигчин хүн өөрийгөө эвдэх ёстой. Гэтэл би Сатайд нэг хэлбэрээр тоглоод л дууссан даа” гэж даруухнаар ярьсан байдаг. Ардын жүжигчин Н.Сувд “Амьдрал дээр надад түшиг болдог шигээ “Мандухай цэцэн хатан”-д миний багана болсон” хэмээн Сатай сайдаа магтдаг. Түүний хөдөлмөр, уран бүтээлийг үнэлэн 1971 онд Гавьяат жүжигчин, 1988 онд Ардын жүжигчин цол олгожээ.
А.Очирбат Хүүхэд, залуучуудын театрт эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болжээ. Тэднийх гурван хүүхэдтэй, отгон нь охин. Хоёр хүү нь хувиараа бизнес эрхэлдэг бол охин О.Оюун нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Эхнэр нь “Чи охиноо л жүжигчин болго. Чиний мэргэжлийг өвлөх ганц хүн. Миний охин хоосонгүй” гэж хэлдэг байж. Тэрбээр эхнэрийнхээ үгэнд орж, даалгаврыг нь биелүүлэн охиноо театрт аваачиж, шалгуулсан байна. О.Оюун “Аав зөвхөн театртаа төдийгүй Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч. Гэтэл надад хувь уран бүтээлч гэдгээр нь бус, Очирбатын Оюун л гэж хандана. Тэр хэрээр хариуцлага ярина. Аавынхаа нэрийг сэвтээхгүй юм сан гэж үйлдэл бүрээ учиргүй цэнэж явсангүй. Уран бүтээлдээ баримталдаг зарчмынхаа дагуу л өнөөдрийг хүрч байна. Гайхалтай, гайхамшигтай мэт дүр эсгээд ч яах юм. Гэлээ ч аавынхаа нэрийг муугаар дуудуулаагүй л гэж боддог доо. Их ухаантай хүн байсан даа, аав минь. Бас тийм ч олон үгтэй хүн биш. Маш цөөн, оновчтой үгээр, нухацтайгаар хүний алдааг хэлж чаддаг. Яг л голыг нь олж хэлнэ. Өөрийгөө дөвийлгөх, магтах маш дургүй. Тийм хүмүүсийг ч үзэхгүй. “Чадалтай хүн аяндаа харагдана. Хийж буй ажлаас нь л хэн бэ гэдгийг нь харж, харуулж болно. Хэн нэгэнд хүлээн зөвшөөрүүлэх гэж зүтгэх хэрэггүй” гэдэг байлаа. Тийм болохоор ч тэр үү, өөрийнх нь хийсэн зүйл, уран бүтээл бүр нь их чамбай. Ёстой л хэн бэ гэдэг нь харагдахаар. Би аавынхаа энэ зан чанарыг нь эрхэмлэдэг юм. Ж.Бунтар найруулагчийн “Тод магнай” кинонд аав, охин болж тоглосон. Дараа нь Ч.Жумдаан найруулагчийн “Тэнгэрийн сахил” кинонд аавтайгаа хамт тоглосон. Аавынхаа уран бүтээлийг үзмээр, бүр нарийвчлан хармаар санагддаг болсон. Тоглосон бүтээлүүдийг нь үзэх бүртээ ур чадвараас нь суралцахыг хичээдэг юм” гэлээ.
“Кино урлаг гэдэг дэлгэцэд мөнх үлдэх зүйл. Би урлагийн амьдралыг сонгосондоо харамсаж, гутарсан удаа байхгүй. Харин ч олон сайхан чанар, тэр дундаа хүн хүнээ хайрлах эрхэм сэтгэлийг урлаг надад сургажээ” А.Очирбат