Монголын кино урлаг хөгжихийн хэрээр чадварлаг орлон тоглогч олширсоор буй. Тухайлбал, “Action crew” баг, “Тэнгэрийн чоно” ТББ гэх зэрэг энэ чиглэлийн уран бүтээлчдийг кино сонирхогчид эчнээ мэддэг болжээ. Жүжигчдийн хийж, гүйцэтгэж чадахааргүй тулаант үзэгдэл, амь өрссөн үйлдлийг өмнөөс нь зоримог, чадмаг хийдэг нэгэн орлон тоглогчийг “Нямын зочин”-оор урилаа. “Mongol stunt” багийн орлон тоглогч, тулааны найруулагч Ч.Ганбаатар Монголд төдийгүй БНСУ-ын дэлгэцийн уран бүтээлд ажиллажээ.
-Та 2003 онд жүжигчин болохоор СУИС-д шалгуулсан ч, эцэг, эхийнхээ зөвлөснөөр өөр мэргэжил эзэмшсэн юм билээ. Багаасаа урлагт дуртай байв уу?
-Миний багын хоёр найз СУИС-д шалгуулахаар бэлтгэж байлаа. Хүүхэд болохоор сонирхоод, нөгөө хоёртойгоо хамт сургуулилалт хийдэг байв. Сонирхолтой, бас ч үгүй шалгуулаад үзвэл болохоор ч юм шиг санагдлаа. Гэтэл ээж, аав минь эсэргүүцэж, улмаар би Төмөр замын коллеж төгсөн, мэргэжлээрээ зургаан жил ажилласан. Төмөр замын сургуульд суралцах, ажиллах хугацаандаа урлагийн үзлэгт амжилттай оролцож, шугам замын тоглолтод нь оролцдог байв. Тэр үеэс урлагт илүү дуртай болсон доо.
-UBS телевизээс зохион байгуулсан “To be or not to be” шоу нэвтрүүлэгт та түрүүлсэн. Жүжигчин мэргэжил эзэмшээгүй ч театрчилсан шоунд оролцохоор зориглосон шалтгаан тань юу вэ?
-Урлагт дуртайг нь харсаар байж өөр мэргэжил эзэмшүүлсэн болохоор ч тэр үү, ээж минь намайг өрөвдсөн байх. Төмөр замд байхдаа Улаанбаатараас Москва явах чиглэлийн галт тэргэнд мастераар ажилладаг байлаа. 10 хоног яваад, 14 хоног амарна. Нэг удаа явчихаад иртэл ээж “Ийм шоу нэвтрүүлэг хийхээр оролцогчдоо бүртгэж байгаа гэнэ. Миний хүү оролцоод үзвэл яасан юм бэ” гэсэн. Сонирхтол УДЭТ-ын 80 жилийн ойд зориулсан театрчилсан шоу гэнэ. Ингээд оролцохоор шийдсэн юм.
-Кино урлагт хэрхэн хөл тавив?
-2012 оны нэгдүгээр сард “Наран мандах нутаг” 40 ангит киноны эсрэг гол дүрд тоглосон. “To be or not to be” шоу нэвтрүүлэгт оролцож байхад санал ирж, тоглосон юм. Сүхбаатар аймагт хоёр сар гаруйн хугацаанд киноны зургаа авхуулсан. Дараа нь 2013 найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кинонд тоглолоо.
-Тус шоу нэвтрүүлэгт түрүүлж, та БНСУ-д суралцах эрхээр шагнуулсан байх аа?
-Эхлээд БНСУ-д “Korean media art universi¬ty”-д жүжигчнээр дөрвөн жил суралцаж, төгссөн. Өмнөд Солонгост адал явдалт, тулаант төрлийн кино өндөр хөгжсөн шүү дээ. Тэр талаар сонирхож байтал тулааны найруулагчаар суралцах боломж олдож, “Korean action school”-д үргэлжлүүлэн сурсан юм. Орлон тоглогч ашиглалгүйгээр тулааны бүх хэсгийн үйлдлийг өөрөө гүйцэтгэдэг, мэргэшсэн жүжигчин бэлтгэдэг сургууль. Чон Дон Хун гэж найруулагчийн бүх тулаанаас сонгож, дэлгэцэд ямар хөдөлгөөн зохих, сонирхолтой харагдахыг бодож гаргасан хөтөлбөрийн дагуу сурсан. Хүнд бэлтгэл хийж, нарийн хуваарьтай хичээллэдэг учраас оюутнуудыг “Чадвал чад. Чадахгүй бол яв” л гэдэг байлаа. Манай анги анх 44- үүлээ элссэн ч, 11 хүн л төгссөн. Энэ чиглэлээр төгссөн анхны монгол оюутан боллоо.
-Гэхдээ одоо та кинонд жүжигчнээр биш, орлон тоглогч, тулааны найруулагчаар түлхүү ажиллаад байна уу?
-2017 онд төгсөж ирснээсээ хойш орлон тоглогч, тулааны найруулагчаар л ажилласан. Хоёрдугаар найруулагчаар ч ажиллаж үзлээ. Өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болгосон “Ti¬tans” фильмийн “Сүүн замын сахиул” кинонд орлон тоглогч, тулааны найруулагчийн зэрэгцээ дүр авч ажиллалаа. Жүжигчнээр ажиллах хүсэл байвч боломж бүрдэхгүй л байна.
-Олонх орлон тоглогч тулааны урлагаар хичээллэсэн суурьтай байдаг юм билээ. Харин та ямар спортоор хичээллэдэг вэ?
-Багадаа ушугаар хичээллэдэг байлаа. Өсвөр наснаасаа олон улсын таеквондогоор хичээллэсэн.
-Тулаант үзэгдлийг найруулах, орлон тоглохдоо үзэгчдийг татахын тулд хөдөлгөөнүүдээ маш цэвэрхэн, бас сонирхолтойгоор хийх шаардлагатай болдог байх.
-Хамгийн гол нь эрсдэлийг тооцоолох. Өөрөөсөө гадна жүжигчдийг бэртээж болохгүй. Бүхнийг бэлтгэх, нарийн шалгаж, нягтлах ёстой. Түүнчлэн чадвараа зүгээр л үзүүлэх биш, камерын өмнө хэрхэн үзэмжтэй харагдуулахаа ч тооцоолох хэрэгтэй. Багаа маш сайн бүрдүүлэх ёстой юм билээ.
-Гол дүрд тоглож буй жүжигчдийн гүйцэтгэж чадахгүй хэцүү зургийг “нугалдаг” хүмүүс бол орлон тоглогч. Зураг авхуулах явцдаа бэртэж гэмтэх энүүхэнд биз?
-Манайд амь даатгал байдаггүй. Орлон тоглогчид гэнэтийн ослын даатгал тэр бүр олдохгүй. Тиймээс байнгын бэлтгэлтэй, хянамгай байж, өөрөө л аюулгүй байдлаа хангахгүй бол болохгүй. Жүжигчдийн гүйцэтгэхэд хэцүү, чадахгүй хэсгийг бид хийдэг нь үнэн. Үзэгчдийг дуу алдуулсан хэсэгт байнга тоглодог болохоор хөнгөн бэртэл бол энгийн үзэгдэл. Хэчнээн чадвартай уран бүтээлчид ч бидний тусламж хэрэгтэй болдог. Гол дүрд тоглож буй жүжигчнээ эрсдэлд оруулснаас орлон тоглогч ашигласан нь дээр гэдгийг туршлагатай найруулагч нар мэднэ. Бид тулаант болон эрсдэлтэй үйлдлийн зургийг өөрт болон бусдад аюулгүйгээр хийж гүйцэтгэх үүрэгтэй. Зураг авах үед үзүүлбэр амжилтгүй болбол олон дахин хийлгэдэг. Буруу тооцоолох, анхаарал алдах зэргээс болж хааяа гэмтэх нь бий. Гэхдээ ховор.
-Зураг авхуулах явцад хийсэн хамгийн эрсдэлтэй үйлдэл тань юу бол?
-Сүүлд “Сүүн замын сахиул” кинонд гэхэд л явж буй ачааны галт тэрэг дээрээс найман удаа үсэрсэн. Энэ мэтчилэн аюултай үйлдэл зөндөө л хийдэг юм.
-Хүнд бэртэл авч байсан уу. Аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ?
-Хүнд бэртээгүй. “Намайг аваад үлдээч” киноны үеэр гараа хугалчихаад одоо эдгэж байна.
-Гэр бүл, ойр дотнын хүмүүс тань таныг ийм эрсдэлтэй ажил хийхэд яаж ханддаг вэ. Эсэргүүцдэггүй юм уу?
-Эхнэр минь надад “Өөрийгөө бод. Чиний ард надаас гадна хоёр хүүхэд чинь бий” гэдэг. Энэ үг байнга л санагддаг юм.
-Зураг авхуулах үедээ орлон тоглогч нас барсан тохиолдол байдаг юм билээ. Та энэ ажлаа хийхдээ айдаггүй юү?
-Айдаггүй ээ. Гол нь сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Бэлтгэл сайн хангасан байхад айх зүйл байхгүй.
-Та нарын энэ хүнд ажлыг киноны продюсерууд хэр үнэлдэг вэ. Амь насаа эрсдэлд оруулж буй юм чинь хөдөлмөрөө хангалттай үнэлүүлэхийг хүсдэг байх.
-БНСУ зэрэг гадаадад бол хангалттай үнэлдэг. Манайд орлон тоглогч бол хүн биш юм шиг л ханддаг байлаа. Одоо энэ байдал арай л дээрдсэн. Гэхдээ санаанд хүртэл биш. Аргагүй шүү дээ, манайд нэг киног хэдэн төгрөгийн төсөвтэйгөөр бүтээдэг билээ дээ. Гадаадынхантай харьцуулшгүй.
-Киноны зураг авхуулаагүй үедээ тогтмол бэлтгэл хийдэг үү?
-Тогтмол хийдэг.
-Морь, мотоцикл унах, машин жолоодох ур чадварыг орлон тоглогчид зайлшгүй эзэмших ёстой. Өөр ямар чадварууд эзэмших шаардлагатай вэ. Та бусдаас ямар давуу талуудтай вэ?
-Дээр дурдсан чадваруудаас гадна олстой тулаан, японы катана сэлэм, усанд шумбалтаар хичээллэдэг. Орлон тоглогч хүн орлож буй жүжигчнийхээ онцлог, бүтээж буй дүрийг нь ч судлах ёстой. Жүжигчний үйл хөдлөлийг анзаарч, өмнөх болоод дараах үйл явдлыг нь зөрүүлэлгүй холбож өгөх хэрэгтэй. Үүний дээр мэдээж үнэмшилтэй байлгах шаардлагатай.
-БНСУ-ын уран бүтээлд ажилласан гэсэн үү?
-“Намрын Сансон” түүхэн, хоёр Солонгосын тулалдааны тухай адал явдалт кинонд ажилласан.
-Одоо ямар кинонд ажиллаж байна?
-U фильмийн “Ганц бие бүсгүйчүүд-4” кинонд тоглолоо. Ирэх оны хоёрдугаар сараас үзэгчдэд хүргэх юм. Кинонд ажиллахын зэрэгцээ “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Солонгост сурсан зүйлээ ирээдүйн жүжигчдэд зааж байна. Оюутнуудтайгаа хамт бэлтгэл хийж, тэднээс бас суралцдаг болохоор давуу талтай. Одоохондоо киноны ажил аваагүй байна.
-Орлон тоглогчоор хэр удаан ажиллах вэ?
-Залуу насны л ажил шүү дээ. Олон жил ажиллахгүй. Харин тулааны найруулагчаар ажиллаж, мэргэшсэн орлон тоглогчдыг бэлтгэнэ. Мөн жүжигчний мэргэжлээрээ ажиллахыг хүсэж байна.
-Харж үлгэрлэдэг уран бүтээлч байдаг уу?
-Зөндөө бий. Донни Йен, И Бён Хён гээд зөндөө л уран бүтээлчийг нэрлэж болно. Адал явдалт, тулаант төрлийн кинонд тоглодгоос гадна маш сайн техниктэй жүжигчид. Би ч энэ төрлийн кино үзэх, ажиллах дуртай. Манай жүжигчдээс УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба нар мэргэжлийн ур чадвар мундгаас гадна хөдөлгөөний эвсэл сайтай. Тэдний кинонд ажиллаж байгааг харах, суралцах дуртай.
-СУИС-ийг найруулагчаар саяхан төгссөн юм билээ. Бие даан уран бүтээл хийх бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Гэхдээ судалгаа, туршлага нимгэн учраас яарахгүй байна. Цаг нь ирэхээр болох биз дээ.