Та хэн нэгнээс сүнс, буг чөтгөртэй таарсан тухай түүх сонсож, эсвэл хаа нэгтэйгээс уншиж байсан нь лавтай. Бас сүнс, чөтгөртэй байшин байдаг талаар. “Хараал”, “Сүнстэй байшин” зэрэг гадаадын алдартай киног ч үзсэн биз. Яг тийм нэгэн байшинд “зочлох”-ыг “Үр” кино “урьжээ”. Гэхдээ эл кино нь албин, тийрэнгийн тухай бус, шунал, үйлийн үрийн тухай аж.
Аливаа киног үзэхээсээ өмнө найруулагч, зохиолч, зураач, зураглаач, гол дүрд тоглосон жүжигчдийн нэрсийг эхлээд заавал сонирхдог юм. Энэ зангаараа “Үр” хэмээх эл уран бүтээлд ажилласан багийг сонирхтол кино урлагт нэлээдгүй олон жилийг өнгөрүүлсэн уран бүтээлчдийн зэрэгцээ өмнө нь огт сонсож байгаагүй жүжигчдийн нэрс харагдав. Залуу найруулагч Chen бие даасан анхны бүтээлээ энэ сарын 12-ноос үзэгчдэд хүргэх гэж буй нь энэ.
“Үр” киног “Dream” энтертайнмент бүтээжээ. Найруулагч Chen анхны уран бүтээлдээ хүмүүсийн мэддэг хэрнээ тайлбарлаж чаддаггүй тэр л үйлийн үрийг сонирхолтойгоор үзүүлэхийн тулд доторх нандин бүхнээ “ухаж” гаргасан байв.
Билэгт бол алтны уурхайн эзэн, 50 шахам насны эр. Тэрбээр эхнэр, тэрсхэн хоёр хүүтэйгээ амьдардаг аж. Газар сэндийчиж, алт ухаж эхлэхдээ нэгэн үйлийг хийсэн нь тус гэр бүлийн амьдралыг там болгон хувиргах ажээ. Шуналынхаа төлөөсөнд тэр өөрт байгаа бүхнээ золих нь тэр. Бүр өөрийгөө ч. Уг кино нь аймшгийн төрлийн боловч уянгын, адал адалт өнгө аясыг ч алдаагүй байна. Кинонд хүний мөн чанар, гэр бүл, өс хонзон, шунал, хүсэл тачаал, үйлийн үрийн тухай харуулжээ. Гол дүр Билэгтэд Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийг тоглуулсан нь “нүдээ олсон” байв. Сэтгэл хөдлөл илүүтэй гаргаж, дотоод сэтгэлийн зөрчил, хүний мөн чанарыг илэрхийлэхийг илүү шаардсан энэ дүрийг тэрбээр үнэхээр л чамин “шагласан” нь дамжиггүй. Түүний гэргийд жүжигчин Б.Эрдэнэчимэг, тэрсхэн хөвгүүдэд нь Т.Билэгжаргал, Г.Билгүүн тогложээ. Мөн жүжигчин Д.Хосбаярыг дурдалгүй өнгөрч боломгүй санагдсан. Тэрбээр энэ удаа дайсны талын дүрийг “урлав”. Гол дүрийг улам тодотгодог туслах дүрүүдэд Б.Дэлгэрмөрөн, Я.Билгүүнсар, Д.Төмөрбаатар, реппер Roockie буюу У.Мөнхбагана тоглосон байна.
Киноны ерөнхий продюсероор Б.Ууганбаатар, Э.Даажамба, зураачаар М.Баяржаргал, зураглаачаар Ц.Цэрэндорж, нүүр хувиргагчаар Г.Хос-Эрдэнэ, тулааны найруулагчаар М.Наранбаатар нар хамтран ажилласан байна. Залуу найруулагч Chen “Үр” киноны пост продакшн буюу өнгө шүүлт, дууны найруулгыг олон улсын нийцүүлж, 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай бүтээхээр зорьсноо хэлсэн. Арилжааны олон кино шил даран, долоо хоног бүр нээж буй энэ үед өөр нэгэн содон бүтээл хүргэхээр зорьж, болоогүй бас үзэгчдээр “таавар” таалгахаар зэхэж буй нь олзуурхууштай. Ташрамд сонирхуулахад, “Үр” киног 2003 онд нэгэн бүлд тохиолдсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн аж.