Соёл, урлагийн их сургуулийн Театр урлагийн сургуулийн кино драмын ангид 1998-2002 онд суралцаж, төгссөн ангийнхныг энэ удаа “Манай ангийнхан” буландаа урилаа. Урлагийн сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллалгүй “боловсон үзэгч” болсон хүн олон бий. Харин эднийх 11-үүлээ сургуулиа төгсөж, одоо олонх нь мэргэжлээрээ ажиллаж байна. Алтан үеийнхний үргэлжлэл, дунд үеийн түүчээ болж яваа “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, “ТВ коктейль” хамтлагийн А.Өнөржаргал, Төв аймгийн “Монгол туургатан” театрын дарга Д.Мөнхбат, “Гаадаа мээрэн”, “Чонон сүлд” зэрэг гадаадын алдартай уран бүтээлд тоглосон жүжигчин Р.Анхням, “Содура”, “Одод болохын хүслэн” зэрэг кино найруулсан Б.Жаргалсайхан, “Сайн, муу, хэрцгий”, “Ганц бие бүсгүйчүүд”, “Тэрбумын хэрэг” гэхчлэн олон бүтээлийн зохиолыг бичиж, найруулсан А.Миеэгомбо, СУИС-ийн багш Б.Хишигзаяа, алиалагч Л.Нурбулан, сэтгүүлч М.Бүжинлхам, “U art” төвийн захирал, жүжигчин, хөтлөгч Ч.Ундрал нарын чадварлаг уран бүтээлч энэ ангиас төрсөн юм.
ТАНИЛЦАВ
Тэд СУИС-ийн босгыг 25-уулаа давжээ. Анги дааж төгсгөсөн ачтан нь Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг (Гандий). “Биднийг СУИС-д элсэхэд бичигдээгүй нэг хууль байлаа. Уран бүтээл бол хамтын хөдөлмөр. Тийм ч болохоор оюутан ахуйгаасаа хөдөлмөрч, хамт олонч бол төлөвших ёстой. Эв нэгдэл, сурлага, амжилтаас хойш татаж буй нэгнийгээ ангийн хурлаар оруулаад, олонхын шийдвэрээр сургуулиас хөөх, эсэхийг шийддэг байв. Ганц манайх гэлтгүй бусад анги ч тэгдэг л байсан. Сурлага, хүмүүжил тааруухан оюутнууд хасагдаад эхлэхээр үлдсэн хэд нь улам хичээж, сургуулиа амжилттай төгсөхийн тулд чармайдаг” гэж ярьцгаалаа. А.Миегомбо “Манайх СУИС-ийн нэгдүгээр давхарт 110 тоот анги. Есдүгээр сарын 1-нд оюутан болсон эхний өдрөө хэзээ ч мартдаггүй юм. Манай анги хоёр тасалгаатай, арай том тасалгаа нь жижигхэн тайзтай. Тэр өдөр багш биднийг нэг нэгээрээ тайзан дээр гараад өөрийгөө танилцуул гэв. Эхнээсээ хүүхдүүд өөрийгөө танилцууллаа. Нэг хүү “Би хээрээс ирсэн хүн” гэлээ. Хотын бид гайхаад “Юу гэсэн үг вэ” гэтэл “Мал дээрээс ирсэн үг байхгүй юу, малнууд аа” гэдэг юм. Б.Болдбаатар маань Өвөрхангай аймгийн Бүрд сумаас ирсэн нь тэр байж. Дараа нь нэг бор хүү гараад л “Би Онгоны хүн” гэж байна. Бид түүнийг явуулаад “Наад үгийг чинь эм хүйстэй хүнд хэрэглэдэг. Эрэгтэйнх нь өөр үг байдаг” гэтэл сандраад “Би Сүхбаатар аймгийн Онгон сумын хүн” гэсэн. Тэр нь манай Өөскө (А.Өнөржаргал). Дараа нь жижигхэн биетэй хүү “Намайг Н гэдэг. Бүтэн нэрээ хэлмээргүй байна. Аавыг минь Л гэдэг. Алдартай жүжигчин. Бас нэрийг нь хэлэхгүй. Миний ахыг Б гэдэг. Алдартай дуучин. Бас л бүтнээр нь хэлэхгүй. Би Майкл Жексонд хайртай, скейтээр гулгах дуртай” гэж билээ. Ингэж алдарт жүжигчин Т.Латиф агсны бага хүү Л.Нурбулантайгаа нөхөрлөж эхэлсэн юм” гэж дурсамжаа хуваалцсан.
ДАРВИАД ХАШИРСАН НЬ
Тус ангийн туслах багшаар жүжигчин, найруулагч Р.Алтансүх (Аси) ажиллаж байжээ. Д.Мөнхбат “Аси багш хоёр, гуравдугаар дамжаанд бидэнд багшилсан. Мөн Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар ах манай ангийнхантай ажилладаг байв. Мэргэжлээрээ ажилладаг залуу уран бүтээлчдийг туслах багшаар ажиллуулж, шавь нартаа онол, практикийг хослуулан сургасан Гандий багшийн зөв байжээ гэж боддог юм” гэв. Тус ангийнхан хоорондоо эвтэй гэдгээрээ сургуульдаа гайхагддаг байж. Нэг үеийнхэн, дээд, доод ангийнхан нь завсарлагаанаар эдний ангид ороод ирдэг байсан гэхээр их л нийтэч нөхөд байсан бололтой.
Тэд сургууль дээрээ нэг ч удаа хэл ам таталж үзээгүй аж. Харин ангийн хөвгүүд нь нэг удаа Аси багшийнхаа хичээл дээр бөөнөөрөө муу авч, айхавтар хаширцгаасан гэнэ. Энэ тухайгаа “Жүжиглэх уран чадварын хичээлийн нэг сэдэв дуусаж, шүүлэг өгчихөөд санаа амарцгаасан юм. Хөвгүүд л юм хойно нийлээд дарвичихсан. Гэтэл маргааш нь дараагийн сэдэв эхлэх тул ажиллах шинэ зохиолоо сонгож ирэх даалгавартай байснаа мартчихаж. Ингээд хөвгүүд бүгд муу авсан. Түүнээс хойш хэн ч, яаж ч уруу татсан даалгавраа хийсний дараа л дарвина гэж гүрийдэг болсон” гэж хөгжилтэйгөөр ярьцгаав.
МЭРГЭЖИЛДЭЭ УЛАМ ДУРЛАЖЭЭ
Хоёрдугаар дамжаанд багш нь тэднийг гурав гурваар нь дөрвөн баг болгон хуваан, ижил сэдэвтэй даалгавар өгч, өрсөлдүүлжээ. Шалгалтаа амжилттай өгч, өрсөлдөөндөө ялахын тулд үнэхээр мэрийж, “шатаж” байснаа тэд ярьсан. Тэр өрсөлдөөн Б.Хишигзаяа, Б.Нурбулан, А.Миеэгомбын баг, Д.Мөнхбат, М.Бүжинлхам, А.Өнөржаргал нарын багийн дунд ширүүн өрнөжээ. Тэд А.П.Чеховын “Бэр гуйсан нь” жүжгийг тоглосон аж. Хоёр сар гаруйн хугацаанд жүжигтээ бэлтгэж, хичээлдээ явсан ч, хоол идсэн ч багаараа л явдаг байсан гэнэ. Улирлын төгсгөлд Д.Мөнхбат, М.Бүжинлхам, А.Өнөржаргал нарын баг ялж, ялагдсан багийн хоёр гишүүнийг ангиас хасах санал оруулахаар болсон аж. Л.Нурбулан “Тэр үед ангийн дарга юм чинь Миеэ (А.Миеэгомбо)-г авч үлдэж таарна. Эмэгтэй юм болохоор нь Б.Хишигзаяаг өрөвдөх байлгүй. Би л хасагдаж таарах нь” гээд сэтгэлээр их унасан. Гэтэл багш биднийг улам хурцлахын тулд тэгж худал хэлсэн юм билээ” гэв.
2000 онд “Утгын чимэг” наадамд анх удаа оюутнууд шалгарч, Д.Баттөмөр, А.Миеэгомбо нар оролцож байв. Мөн тухайн үед гуравдугаар сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр СУИС, КУДС, “Бэрс”, “Мюзик холл” гэхчлэн жүжигчин бэлтгэдэг сургуулийн оюутнуудын дунд нэг бүлэгт жүжгийн уралдаан болдог байв. Р.Анхням “Нэг бүлэгт жүжгийн уралдаанд Миеэ бид хоёр, нөгөө ангийнхаа А.Баттүшиг, доод ангийнхаа Д.Энхбаяр нарыг шилж аваад, хамтран оролцсон. Бид “Аав эргэж ирсэн нь” гэж япон жүжиг тоглосон юм. Харин Б.Баттөмөр, Л.Нурбулан нар “Аргагүйн эрхэнд эмгэнэгч” жүжгийг сонгосон санагдаж байна. Гэтэл уралдааны сүүлчийн шатанд манай хоёр баг тунаж үлдсэн. Тийм л мундаг анги байсан” гэж ярилаа.
ЦАЛИНТАЙ ЗОЛГОСОН НЬ
Гуравдугаар дамжаанаасаа тэд “халтуур” хийж эхэлжээ. Бусад их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийнхны урлагийн үзлэгийг найруулж, бэлдүүлээд мөнгө авдаг болж. Д.Баттмөмөр “Жаки (Б.Жаргалсайхан), Миеэ бид гурав ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн нэг ангийг урлагийн үзлэгт бэлдүүлэх “халтуур” хийв. Гэтэл тэр ангид уран уншлага уншчихаар хүүхэд байдаггүй. Нөгөө ангийнхан ч “Манай сургууль аймаар олон хүүхэдтэй. Багш нар мэдэхгүй. Манай ангийн оюутан гээд л оролцчих. Бид та нарт өгөх мөнгөө жаахан нэмье” гэхээр нь “За” гэчихлээ. Урлагийн үзлэгт нь оролцож, уран уншлага уншаад, тэргүүн байр эзэлчихсэн. Гэтэл хэдэн сарын дараа нөгөө ШУТИС-ийн ангийн хүүхэд сандарчихсан манай сургууль дээр явж байна. “Яав, ийв” гэтэл “Манай сургууль Шинэ жилийн баяраар оюутнуудын хамтарсан тоглолт хийхээр боллоо. Урлагийн үзлэгт шилдгээр шалгарсан хүүхдүүдийг оролцуулах юм гэнэ. Тэгээд чамайг хайгаад ирлээ” гэдэг юм байна. Тэгээд дахин ШУТИС-ийн оюутан болж жүжиглэсэн дээ” гэж дурссан. Ингээд оюутан ахуйгаасаа А.Миеэгомбо МҮОНТ-д орчуулгын киноны дуу оруулагч, М.Бүжинлхам ТВ-9 телевизийн хөтлөгч, Ч.Ундрал “Eagle” телевизийн нэвтрүүлэгч болж, Д.Баттөмөр “Х-ТҮЦ” продакшнд ажиллаж, А.Өнөржаргал UBS телевизэд “Хот чинжүү” нэвтрүүлэг бэлтгэн, ажлын гараагаа эхэлжээ.
ДОТНО НӨХӨРЛӨЛ
А.Миеэгомбо “Манай Батаа (Д.Баттөмөр) Өвөрхангайнх. Оюутан байхдаа СУИС-ийн хойно одоогийн “Дөлгөөн нуур” төвийн хавьцаа гэрт амьдардаг байв. Бид хичээл тараад л тэднийд цуглана. Найз минь “Ээжийгээ санаад байна” гээд уйлна. Ээж амьтай хүн л дээ. Заримдаа нөгөөх чинь “Ээж ирсэн” гээд жигтэйхэн инээд алдаад л “өнгө орчихсон” хичээлдээ сууна. Их сургуулиа төгссөний дараа ч бид Батаагийнхаа ээжийнд очдог байлаа. Одоо ч Сар шинийн баяраар очиж золгоцгоодог” гэсэн. Оюутан ахуйгаасаа тэд насны найзаа олсон нь энэ аж. Яг одоо энэ ангийн төгсөгч, авьяаслаг уран бүтээлч Л.Нурбулан хүнд өвчинтэйгөө тэмцэж буй. Ангийнхан нь “Өнгөрсөн жил мэс засалд орсон боловч өвчин нь сэдэрсэн. Дахин хагалгаанд яаралтай орох шаардлагатай. Бид найздаа чадлаараа туслахыг хичээж байгаа. “Дулаан сэтгэл” хандивын тоглолтыг ирэх арваннэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна. Бидний найзыг эдгэрэхэд туслаасай гэж уншигчдаас хүсэж байна” гэсэн. Мөн “Бид нэг ангийнхан гэхээс илүү найзууд. Найз гэдэг амьдралын хамгийн том түшиг шүү дээ” гэлцэв. Хамгийн дайчин Т.Ариунбулаг, шартай М.Бүжинлхам, сандруу А.Өсөхжаргал, хэнэггүй Б.Жаргалсайхан, хээгүй Б.Мөнхбат, уяхан Д.Баттөмөр, шооч Л.Нурбулан, аж ахуйч Б.Батсумъяа, загварлаг Ч.Ундрал, авьяаслаг Р.Анхням, ангийн дарга А.Миеэгомбо гэх мэтчилэн тэд оюутан байхдаа л ангийнхаа “хамгийн, хамгийн”-уудыг тодруулчихсан. Тэр нь одоо ч хэвээрээ гэнэ.
Энэ ангийг төгссөн 11 уран бүтээлч бүгд Соёлын тэргүүний ажилтан. Ангиараа хамтран уран бүтээл хийх талаар сүүлийн үед ярилцаж байгаа аж. Тэр дундаа уянгын төрлийн кино хийх сэн хэмээн хорхойсож байгаагаа тэд нуусангүй.