Жүдо бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт болоход 15 клубийн тамирчид өрсөлдсөн. Монголын жүдо академийн эмэгтэй тамирчдаас шагналын салхи хагалж, 57 кг-ын жинд Г.Ундрал мөнгөн медаль хүртэв. Түүний амжилтын буухиаг үргэлжлүүлж, Б.Батсувд тус жинд хүрэл, 63 кг-д Х.Ариунтунгалаг мөн хүрэл медаль зүүсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс 100 кг-д Г.Хангарьд тэргүүлэв. Тус академийнхан өсвөр үеийнхний ангилалд багаараа цөөнгүй медаль гардсан ч залуучууд, насанд хүрэгчдийнхээс хараахан хүртээгүй байсан юм. Энэ удаа тэд бүх боломжоо дайчлан гаргаж барилдсанаар анх удаа аваргатай болж байна. Тамирчдын хамгийн сонирхолтой өрсөлдөөнийг харуулдаг холимог багийн төрөлд тус академийнхан финалд Орхон аймгийн “Хангарьд” багийг 4:1-ээр буулгаж авч, тэргүүн байрт шалгарлаа. Гурван жил дараалж финалд шалгарсан “Хангарьд”-ын жүдочид 2023 онд түрүүлж, сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль хүртсэн бол “Мон-Алтиус Цагаанбаатар академи”, “Шинэ Бадрах” клубийнхэн хүрэл медалийн эзэн болсон.
Ташрамд дуулгахад, Гүрж улсын Тбилиси хотод “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ. Үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлагад хүч сорихоор тус улсад хөл тавилаа.