Эмэгтэйчүүдийн лигийн 13 хүртэлх насныхны ангиллын тэмцээн хаалтаа хийв.Долоон баг оролцсоноос Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Шонхор” багийнхан түрүүлж, алтан цом өргөлөө. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Ч.Түвшинбат дасгалжуулагчийн удирдлагад оролцсон “Монцоолой”-гийн тоглогчид мөнгө, Л.Хатанбаатар дасгалжуулагчийн ахалсан “Говь-Алтай”-н тамирчид хүрэл медаль хүртжээ. Дээрх тэмцээний “Шилдэг довтлогч”-оор “Хараацай” клубийнхнээс ихэр охид болох М.Анирлан, М.Амирлан нар шалгарсан байна. Харин “Шилдэг тоглогч”-ийн шагналыг “Шонхор”-ынхноос О.Амин-Эрдэнэ гардсан юм.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбооны Зөвлөлийн гишүүдийн хурал болж, ээлжит бус их хурлыг ирэх сарын 28-нд хийхээр товложээ. Их хурлаар дээрх холбооны удирдлага болон Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгох аж.