Дархан-Уул аймагт 23 дахь удаагаа зохион байгуулсан “Чингис мастер кросс” уралдааны УАЗ ангилалд 78, “Седан” төрөлд 24 тамирчин хурд сорив. УАЗ ангилалд уралдсан “Аваргууд” клубийнхнээс 68 дугаартай, спортын мастер Ш.Гомбодорж түрүүлж, түүний араас нэхсэн “Зэв”-ийн тамирчин, 58 дугаартай Э.Пүрэвбаяр шилдгүүдийг ардаа орхиж мөнгө, “Аваргууд” клубийн гурав дугаартай оролцогч Ц.Дашням хүрэл медаль хүртлээ. IV байрт “Лидерс” клубээс тав дугаартай оролцсон Б.Батзориг, V байрт “Аваргууд” клубийн 21 дугаартай Г.Энхбаяр жагссан юм. Энэ удаа ивээн тэтгэгчийн нэрэмжит шагналыг мөн “Аваргууд” клубийнхнээс хоёр дугаартай Д.Эрдэнээ гардлаа. “Седан” ангилалд “М гараж”-ийн тамирчин, 12 дугаартай Б.Мөнх-Эрдэнэ, “Зэв” клубийн 58 дугаартай Э.Пүрэвбаяр, “VX motors”-ын тамирчин Л.Ариунболд нар эхний гурван байрыг эзэлжээ.